/2021.09.29/: МАН УИХ-д үнэмлэхүй олуулаа. Жил болгоны улсын төсөв хэлэлцэх үйл явц хатуухан маргаан дор өрнөдөг.
Тойрогтоо хөрөнгө татах гэсэн гишүүдийн амбиц дээд цэгтээ хүрч хүссэнээ авахгүй бол сандал суудалтай нь ярьдаг жишиг бий. Харин энэ удаад Намын дарга Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хувьд төсвөө задлахгүй байхаар хичээж хэдийнээ багцалсан байна.
УИХ, Засгийн газрын гишүүд ээлж ээлжээрээ Тэрэлж рүү “мордож”, 2022 оны төсвийн талаар ярилцаж байгаа. Ингэснээр УИХ дээр түмний дунд хэрүүл уруул хийгээд байлгүй наана нь бүхнийг эцэслэн шийдээд, төсвийн талаарх чуулганы хуралдаан нь нэр төдий зүйл болох нь гэсэн үг. Иргэдийн өмнө “чуулганаар төсвийг хэлэлцэн баталж байгаа” гэх дүр үзүүлэх жүжиг болох нь тодорхой болжээ.
Ирэх жилүүдийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ч бизнесийн томчуудтай тохиролцож СЭМ хуйвалджээ.
Тэрэлжийн гэж нэрших болсон энэхүү цуврал уулзалтуудаар томоохон төслүүдийг гарын таван хуруунд багтах толгой том компаниудад өгөхөөр “тохирсон” гэх.
Зах зухаас мэдээлвэл ус ундаа үйлдвэрлэгч том компани л гэхэд тун удахгүй дэд бүтцийн салбар луу хүч түрэн орж ирэх бололтой.
Энэ мэтчилэн том бүтээн байгуулалтууд хэдийнээ эзэнтэй болчихсон бөгөөд одоо УИХ-ын гишүүдийн тойргоо гэх амбицыг дарах багахан “ажиллагаа” явагдаж байна. Зарим гишүүд үүнд ихээхэн дургүйлхэж байгаа ч Засгийн газар юу амлахаас шалтгаалан хэл амаа татах бололтой.
Хууль эрхзүйн хувьд Монголын төрд хамгийн их эрх мэдэлтэй намын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ жилийн төсөв ирэх өдрүүдийн Эдийн засгийн нөхцөл байдлаа хэрхэн удирдахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Сандал суудлын асуудлаа бөхлөх гэж бизнэс улс төрийнхөнтэйгээ ийнхүү хуйвалдаж байна уу аль эсвэл нэг хүчээр нэгдмэл байдлаар улс орноо урагшлуулах уу гэдгийг харах үлдлээ.