/2021.09.29/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс арван нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй гэх Улсын Онцгой Комиссын шийдвэр гарсан. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулахаар тооцоолоод байна гэсэн юм.
Дээрх шийдвэрийг үйлчилгээний газрууд эсэргүүцэж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Merde, Spark, ZU гэх байгууллагууд мэдэгдэл гаргажээ. Тэд өөрсдийн цахим хуудсанд байршуулсан бөгөөд тус мэдэгдлээр дамжуулан цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэсэн юм.
УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдол
Зургаадугаар сарын 24-нөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэн бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болж, мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглох УОК-ын шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийг эсэргүүцсэн аж ахуйн нэгж нэгдэж, цаашид хэвийн ажиллана хэмээн #МЭДЭГДЭЛ гэх хаштаг ашиглан цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэний үр дүнд "хариуцлагын гэрээ" байгуулж үйлчилгээний байгууллага заалаар ажиллах боломжийг олсон юм.
УОК үйлчилгээний байгууллагуудын гаргасан дараах мэдэгдлийг авч хэлэлцэх болов уу?