Өрхийн эмчийн өчил: Багц эмийг бүрдүүлэх гэж өр зээл тавьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн эмчийн өчил: Багц эмийг бүрдүүлэх гэж өр зээл тавьж байна

/2021.09.21/ Цар тахал дэгдсэн энэ үед өрхийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрсэн талаар мэдээлсэн. Бид өнөөдөр гэр хорооллын өрхийн эмнэлгүүд ямар байдалтай байгаатай танилцлаа.

Иргэдийн хандлага

ӨЭМТ-ийн суурин дугаараас илүүтэй эмч нарын хувийн дугаар руу залгаж зөвлөгөө авна. Угаас тэр суурин утасны дэргэд суугаад мэдээлэл өгөх завтай эмч олдохгүй.

Ойрын хавьтал болсон бол эмчдээ хувийн мэдээллээ мессежээр өгнө. Үүнийг авсан эмч маргаашийн тандалтын багт нэрсийг өгч шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

Асуудал: Иргэд эмчийн хэлсэн зааврыг дагахгүй дураар аашилна, мессеж бичих утас алга зэргээр аашилж загнана. Ачаалал маш их байгаа гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй.

Эмчийн хувийн утсаар ярьж байхад давхар дуудлага ирэх тохиолдол их гарна. Мэдээж эмч өмнөх иргэнтэй гүйцэт ярилцаж, асуумж асуух тул 7-10 минут болох тохиолдол их. Энэ хооронд давхар дуудлага хийсэн иргэд удаа дараа залгаж, цаашлаад дүүргийн эмнэлэгт хандаж хороо нь анхаарахгүй байна гэж гомдоллоно.

Эмийн багц

Ажиглавал хороо бүрд эмийн багц өөр. Үндсэн дархлаа дэмжих витамин, уламжлалт тан өгнө. Үүн дээр нэмэгдээд дархлаа дэмжих эм нь өөр өөр байх юм. /зураг хавсаргав/

СХД есдүгээр хороо, "Энх элбэрэл" ӨЭМТ-ийн багц
СХД, 40 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмийн багц

СХД, 40 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмийн багц

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн дарга н.Цэвэлхүү:

-ЭМД-ын санхүүжилтийг сар бүрийн сүүлээр нэхэмжилдэг. Энэ сард халдварын тохиолдол эрс ихэссэн нь бидний санхүүжилт дуусч эмийн санд өр тавихад хүргэлээ. “Энхийн өргөө” ӨЭМТ маань одоогоор хорь гаруй сая төгрөгийн өрөнд орсон байна.

Хичээл танхимаар орж эхэлсэнтэй холбоотой ЕБС-ийн сурагчид ихээр өвчлөх болсон. Өчигдөр л гэхэд манай хороонд нийт 45 иргэн халдвар авсны 15 нь сурагч хүүхдүүд байсан. Халдвар улам л тархаж нэг гэрийн гишүүн тусвал гэр бүлээрээ халдварлах тохиолдол их байна.

Асуудал: Телевиз, радиогоор 160 мянган төгрөгийн багцын талаар ярьж эхэлсэн. Бид үүнийг эмнээс гадна эмчийн өмсөж байгаа хамгаалах хувцас, утсаар залгаж биеийн байдлыг асуудаг тул нэгжний төлбөр зэрэгт ашигладаг. Өөрсдөө авсан, ашиглаж хэрэглэсэн бүхнээ тэмдэглэж байдаг тул иргэд та бүхэн зөвөөр ойлгохыг хүсье.

Тус хорооны эмч Ө.Уртнасан:

-Бидэнд ажлаа хийхээс илүү иргэдийн дарамт шахалт, доромж харилцаа маш хэцүү байдаг. Үүнээс болоод туйлдаа хүрсэн эмч нар өргөсөн тангаргаасаа няцаж ажлаасаа гарсан тохиолдол нэгээр тогтохгүй.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, “Энх элбэрэл” ӨЭМТ-ийн эмч Э.Нансалмаа:

-Манай эмнэлэг нийт 11 ажилтантай. Энгийн цагт хорооныхоо 8100 хүн, түр оршин суудаг 500 гаруй хүнд хандан үйлчлэхэд ачаалалгүй хэвийн байдаг байсан. Халдварын тохиолдол ихэссэн цагаас хойш өрхийн эмнэлэгт хандах, утсаар лавлах иргэдийн тоо хэд дахин нэмэгдэж хүний нөөц дутагдаж эхэлсэн. Заагдсан цагт шинжилгээ авч бусад үедээ багачууд, өндөр настай иргэддээ үйлчилдэг. Мөн ажлын цагт халдвар туссан иргэдэд олгох эмийн багцыг боож бэлтгэдэг. Эмч бид эмчийн ажлаас илүүтэй эм зүйчийн ажил хийж байна. Эмээ ялган ангилах, авсан эм тус бүрээ тэмдэглэж бүртгэх гэсээр байтал цаг талийж байна.

Өрхийн эмнэлэгийнхэн ийнхүү ярив. Нэг талаас иргэдийн ойлгоц, хүлээцтэй байдал ихээхэн шаардлагатай байгаа бол нөгөө талаас өрхийн эмнэлэгийн дотоод үйл ажиллагааны менежментийг сайжруулах шаардлагатай нь харагдав. Мөн бодлого боловсруулагч яамнаас тахлын энэ хүнд нөхцөлд өрхийн эмнэлэгүүдэд шаардлагатай тусламжийг үзүүлэх цаг болсныг ч харуулж байлаа.

АМГТГ:  Аи-92 бензиний 16 хоногийн нөөцтэй
АМГТГ: Аи-92 бензиний 16 хоногийн нөөцтэй
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.