/2021.09.21/ Өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ. Монгол орон, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид бид хэдийнээ халдварын голомтод оршин сууж байгаа нь илт боллоо.
Иргэд цахим орчинд өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй, ирэхгүй байна гэж хэдэн эмч нараа хэмлэж, хамаг уур уцаараа гаргах хооронд тэдний байгаа байдалтай танилцаж үзсэн юм.
ЭХНИЙ ЗОГСООЛ: Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хороог хамарсан "Мэнд цолмон" ӨЭМТ
Гадаа нь дараалсан олон хүмүүс шинжилгээ өгөх гэж дугаарлан зогсоно. Томуугийн вакцин хийж эхэлсэн нь тэдэнд улам ачаалал нэмэх ажээ. Мэнд цолмон төв нийт 20 ажилтантай. Дийлэнх эмч сувилагчид нь дүүргийн цэцэрлэгүүдэд томуугийн вакцин хийхээр дайчлагдсан. Биднийг очиход сувилагч болон эмч гэсэн хоёр хүн л байлаа.
Өрхийн эмнэлгийн суурин утас чимээгүй байна гэх ойлголт байхгүй. Минут тутамд л дуудлага ирж “ирнэ гэсэн яачихсан юм бэ?” “үхлээ, түргэн ирээч” зэргээр бухимдангуй хэлж байв. Ийм байдлаар өдөрт бараг 100 гаруй дуудлаганд хариу өгдөгөө сувилагч Д.Энхмаа хэллээ. Мөн тэрээр:
-Одоо очих ёстой 30 айл байна. Гадаа шинжилгээ өгч байгаа арван хүний тал нь халдвар авсан байх тохиолдол их гарч байна.
-Өөр бусад шалтгаанаар хандаж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Хүлээхээс өөр аргагүй. Заасан цагт шинжилгээ авдаг ч олон хүн байдаг тул тэр хүмүүсийн шинжилгээг авч хувцас хэрэглэлээ сольсоны дараа энгийн бүсдээ орж ирээд асуудлыг нь шийдэж өгдөг. Энгийн үед эмнэлэг дээр 50-60 иргэн зорин ирдэг байсан бол одоо хамгийн багадаа л зуу гаруй хүн хандаж байгаа гэв.
Бие давхар эмэгтэй бол яаралтай эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа ч өмнөх долоо хоногийн Баасан гарагт эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэн одоо ч эмнэлэгт хэвтээгүй байгаа ажээ.
Эмч нь тусгай хувцас хэрэглэлээ өмсөөд улаан бүсэд ажиллах зуур томуугийн вакцин хийх эмч байхгүй. 14 цагаас хойш 40 минут хүүхэдтэйгээ хүлээсэн эх уурлаж бухимдлаа илэрхийлнэ. Хүн хүч дутагдаж яах ч аргагүй байгаа тул сувилагч маань тэднийг чадахаараа л тайвшруулах юм.
Тус төвийн хувьд халдвар туссан иргэдэд эмийн багцыг нэг бүрчлэн олгодог гэв. Үүнд: арбидол, салимон, 4000мг-тай витамин д, 1000мг-тай витамин ц, a flu, coldwon, мана 4, норов 7 гэсэн эм багтсан. Халдвар авсан иргэн гэртээ тусгаарлагдсан бол үзлэг хийдэг. Хэрвээ иргэний бие гайгүй бол эмийн багцаа өгнө, хүнд бол эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авна.
ДАРААГИЙН ЗОГСООЛ: Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо
Энэ өрхийн эмнэлэгийн гадаа лав 30 хол давсан хүн оочирлоно. Эмч, сувилагч нь гадагшаа толгойгоо цухуйлгах ч чөлөөгүй байгаа нь мэдээж.
ӨНӨӨДРИЙН ЭЦСИЙН ЗОГСООЛ: Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо
-Мөн л эмч, сувилагч, үйлчлэгч гурваас өөр ажилтан байсангүй. Үйлчлүүлэх иргэд дотроо дараалан зогсож байсан бөгөөд 15 цагийн үед арав гаруй хүн эмчид үзүүлэх гээд хүлээж байлаа.
Халдвар авсан иргэдийн биеийн байдлыг үзэх, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакцин тарих нь тэдний хувьд ахадсан их ажил болсон мэт санагдлаа. Шаардлагатай үед илүү цагаар, тэр бүү хэл гэртээ байхдаа шөнө оройн цагаар өвчтөнийхөө гэрт очиж үзлэг хийдэг талаараа “Мэнд цолмон” төвийн сувилагч Д.Энхмаа хэлсэн.
Цахим үндэстэнд бужигнасан олон хэд хоногийн дараа цар тахалд нэрвэгдсэн үндэстэн болж хэдэн эмч нарынхаа хүч чадлыг ховх сорох вий гэх сэрэмж ч төрж байлаа.
Хотын төвийн өрхийн эмнэлэгт ийм ачаалалтай байхад гэр хорооллын эмнэлэгт ямар байгаа талаар эргэн мэдээлэх болно.