/2021.09.20/ Энэ жил төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангах аж.
Мөн илүүдэл ногоог ашиглах, хадгалах зориулалттай цардуулын үйлдвэрийг Төв аймагт барихаар ажиллаж байгаа юм байна.
Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар шаардлагатай зохион байгуулалтыг хийж байна гэв.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар тариаланч, ногоочид, ЖДҮ эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй уулзлаа.
Энэ үеэр хонины нэхийгээр хувцас үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Монгол орхон хонийг олноор нь үржүүлэх чиглэлд бодлогоор дэмжиж өгөхийг хүсэж байлаа.
Тус үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлан борлуулж байгаа юм. Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар худалдан авалт хийж буй иргэдийн сэтгэл ханамж 70 хувьтай, зохион байгуулалт, халдвар хамгааллын талаар сэтгэгдэл өндөр байна.
Тоон дүнгээс харвал 9-р сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд 3 өдрийн турш нийтдээ 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд хүнснээс гадна газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байгаа аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ