Диатез буюу атопический дерматит
Хөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчний нэг бол диатез юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч, арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.
Нийт өвчтөний 50 хувь нь 0-1 насанд, 30 хувь нь 1-5 насанд эхэлдэг байна. Хүүхэд өсөж томрох үед тэдгээрийн 80 хувь нь харшилын ринит, Гуурсан хоолойн багтраа болж хөгждөг нь тогтоогдсон байдаг.
Юунаас болдог вэ?
- Эцэг эхээс дамжсан удмын харшилд өртөмтгий байдал
- Эхийн жирэмсний үеийн хордлого ханиад
- Эхийн архаг өвчнүүд
- Эх нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч, халуун ногоо хэрэглэсэн
- Эх нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан
- Эх нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик, эм, архи, тамхи хэрэглэсэн
Өвчний үед илрэх шинж тэмдгүүд
3 нас хүртэлх хүүхдэд атопийн дерматит нь илүү хурц явагддэг бөгөөд шинж тэмдэг аажим буурсаар 8 ба түүнээс дээш насанд намжиж тууралт 2 тохойн үений дотор, тахимны хонхор, хүзүүний 2 хажуу болоод ар хэсэгт байрлан гүвдрүү ширшил үүсдэг.
Нярайд:
• Арьсны нугалаасууд, чихний ар, хүзүү, тахимаар амархан нурж улайдаг
• Хөмсөг орчмын арьс хогжруутаж, хуурайшсан
• Хүүхдийн зулай хагатах, хаг их хэмжээгээр овоорох
• Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчилсэн тууралт гарах
• Хүүхэд тайван бус, уйламтгай болох, биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх
Анхаарах зүйлс
• Хөхөөр хооллодог бол эх нь хоолны дэглэм баримталж, чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийн хэрэглээнээс зайлсхийх
• Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах
• Зулайн хагыг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн, савантай усаар угааж байнга цэвэрлэж байх
• Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх
• Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах
• Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах
• Хэт бэгнэхгүй, сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах
• Тууралт гарсан өвчний хурц үед товлолт вакцин тууралтыг улам ихэсгэдэг тул эхлээд диатезийг эмчилдэг.
Эмчилгээ: Арьсны эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөөг авах.
Диатез буюу атопийн дерматиттай хүүхэдтэй хөхүүл эхийн идэж болох хоол хүнс
1. Хүнсний ногоо:
Байцаа
Өргөст хэмх
Хурган гуа
Хулуу
Төмс
2. Жимс:
Ногоон алим
Киви
3. сүү, цагаан идээ:
Хонь,ямаа, ингэний сүү, тараг, аарц, ээдэм
Монгол бяслаг
Ингэний хоормог
4. Өөх тос багатай мах, махан бүтээгдэхүүн:
Үхэр, ямаа, тэмээ, адууны мах, төрөл бүрийн загас, тахианы мах
5. Гурил, гурилан бүтээгдэхүүн: чихэр, сахар ороогүй боорцог/I, II-р гурил, арвайн гурил, цагаан будаа, хар будаа, хөц будаа, шар будаа/
Арьсны өвчний үед хориглох хоол хүнс:
1. Халуун ногоо, халуун ногоо орсон хоол хүнс
2. Хиам
3. Даршилж нөөшилсөн бүтээгдэхүүн
4. Лаазалсан бүтээгдэхүүнүүд /консервант/
5. Өндөг, өндөг орсон бүтээгдэхүүн
6. Кофе
7. Чихэр, шоколад, газтай ундаа, тод өнгийн жүүс
8. Цитрусын төрлийн жимс, жимсгэнэ
9. Архи,пиво, согтууруулах ундаа
Эх сурвалж: Эмч апп