/2021.09.17/ Кубын эмч нар Пүрэв гарагаас эхлэн бага сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Гавана дахь эрүүл мэндийн төвүүдийн нэгд тус улсын өөрийн үйлдвэрийн гаргаж авсан Соберана 02 вакциныг хийхээр болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлсэнээр
- Есдүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл 2-5 насны 1,1 сая хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн бол
- Есдүгээр сарын 5-аас 10 дугаар сарын 5-ны хооронд 12-18 насны 855 мянган өсвөр насны хүүхдийг вакцинд хамруулахаар болжээ.
Вакцинжуулалт нь залуу үеийг халдвараас хамгаалахаас гадна сургуулиудад боловсролын үйл явцыг хурдан эхлүүлэхэд тусална гэж эрх баригчид онцлон тэмдэглэж байна. Одоогийн байдлаар Кубын сургуулийн сурагчид зайн сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд улсын телевизээр тусгай бэлтгэсэн хичээл, нэвтрүүлгүүдийг цацаж байна.
Есдүгээр сард жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдийн вакцинжуулалт дуусах шатандаа орсон байна. Кубын 11 сая иргэнээс 4.33 сая орчим хүн өөрийн үйлдвэрийн “Абдала” болон “Соберана 02” вакцин тарилгыг хийж байна. Тус улсын удирдлага хүн амын вакцинжуулалтыг энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Албан ёсны мэдээллээр тус улсад 768 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 6523 хүн нас барж, 730 мянга гаруй өвчтөн эдгэрчээ.
Эх сурвалж: Тасс