Шинэ эмнэлэг 28 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ эмнэлэг 28 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбар хөгжил-4” төсөл хэрэгжин, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт хийгдээд байна. Тус нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой бөгөөд шинэ байрандаа 200, хуучин байрандаа 165 ор байрлуулан, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж буй. Мөн амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн 170 мянга гаруй иргэн авах боломжтой, жишиг эмнэлэг болжээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа “Манай эмнэлэг өмнө нь 165 ортой хүүхдийн эмнэлэг байсан бол одоо амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг боллоо. Эдгээрээс зүрхний ачаалалтай бичлэг хийж байгаа нь тун онцлог болоод байна. Учир нь Сонгинохайрхан дүүрэгт өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэггүй байсан. Ковидын тусламж, үйлчилгээнээс гадна дотор, мэдрэлийн өдрийн эмчилгээ, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, мэс заслууд хийж байна. Мөн дүрсийн хяналттай элэгний хавдар, бамбайн хавдрыг эрт үед нь түлэх эмчилгээг хийж байгаа нь бусад дүүргийн нэгдсэн эмнэлгээс онцлогтой байгаа юм. Түүнчлэн ходоодны дуранг хамраар хийж байгаагаараа давуу талтай” хэмээн ярьж байлаа.

Манай улсад элбэг тохиолддог өвчлөл бол ходоодны өвчин. Ходоодны өвчлөл ихэвчлэн хеликобактериас үүдэлтэй байдаг аж. Гэр хорооллын иргэд худгаас ус аваад тодорхой хугацаанд хадгалах, хонуулан хэрэглэдэг байдлаас үүдэн бактери үрждэг. Мөн стрессдэх, шарсан, хуурсан зүйл ихээр хэрэглэх, үүний дараа хүйтэн ус ууснаас болж ходоод өвдөх суурь тавигддаг. Үүнээс үүдэн иргэдийн дунд хеликобактери болон ходоодны өвчлөл зонхилж байгаа талаар тус эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт ярьж байв.

Ходоодыг манайд ихэвчлэн амаар дуранддаг. Энэ нь огиудас хүргэж, зовуурь ихтэй байдгаас гадна мэдээ алдуулалт хийдэг тул дурандуулснаас хойш 2-3 цагийн дараа хооллодог. Харин тус эмнэлгийн шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөөр ходоодыг хамраар дурандахад ямар ч зовуурьгүйн дээр мэдээ алдуулалт хийдэггүй болохоор дурандуулсны дараа хугацаа заахгүйгээр шууд хооллох боломжтой аж. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт “Хамрын дуранг хийж болохгүй тохиолдлууд бий. Энэ нь хамрын төрөлхийн нарийн системүүд гэмтсэн, нарийсалттай болсон үед дурандаж болдоггүй. Ер нь хамраар дурандуулсан үйлчлүүлэгчдийн 95 хувь нь дахин ходоодоо хамраар дурандуулах хүсэлтэй ирдэг” гэв. Ховд аймгаас ирж, ходоодоо дурандуулж буй өндөр настан “Ходоодоо хамраар дурандуулсан нь амаар дурандуулахаас илүү зовуурь багатай байлаа. Дурандуулж байхдаа эмчтэйгээ ярилцаад, өөрөө хянаад явах боломжтой байгаа нь их аятайхан юм” хэмээн шинэ үйлчилгээний талаар ярьж байв.

Долоо хоногийн өмнөөс хамраар ходоод дурандаж эхэлсэн тус эмнэлэгт харьяа дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой бөгөөд тэтгэврийн насны болон, группт байдаг иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 100 хувь эрүүл мэндийн даатгалаар үзэн, үйлчилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөг төлөн ходоодоо дурандуулах боломжтой юм.

Шинэ эмнэлгийн төсөл хэрэгжиж эхлэх үед 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төрөлжсөн нарийн мэргэжлээр бэлтгэгджээ. Тус бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар одоо эмнэлэгтээ ажиллаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн дүрс оношилгооны тасаг компьютер томографийн аппарат, маммографийн аппараттай гэдгээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлогтой. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, орчин үеийн аппаратууд байгаа хэдий ч ажиллах хүчин хүрэлцэхгүй, ачаалалтай байгаа талаар Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Н.Минжмаа ярьж байв.

Шинэ эмнэлэгтэй болсон Сонгинохайрхан дүүргийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Түүнчлэн эмч, ажилчдын харилцаа, хандлага сайн, хурдан шуурхайн дээр тохилог, цэвэрхэн орчинд үйлчлүүлж байгаадаа баяртай байгаа аж. Мөн тус эмнэлэгт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шат, бариул, ариун цэврийн өрөөг бий болгон, тохижуулсан байгаагаас тэдэнд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн нь харагдаж байв.

Эх сурвалж: НЗДТГ

Баянхошууны хөтөл хүртэл хатуу хучилттай зам тавигдаж байна
Баянхошууны хөтөл хүртэл хатуу хучилттай зам тавигдаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.