/2023.04.28/: Жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрт ёсыг сахиулах, иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг хангах ээлжгүй манааны тэргүүн шугамд зогсож, Монгол Улсын Зэвсэгт хүчин, тусгай чиг үүрэгтэй албадын үйл ажиллагааны бахархал, нэр хүндийн илэрхийлэл болсон Та бүхэнд Монгол генералын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье гэлээ.
Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол генералын бахархлыг өргөн мандуулахад чиглэдэг гэдгийг УИХ-ын дарга онцлоод, алтан мөрдөстэн Монгол генералуудын сүр жавхлан, золбоо хийморь, мэдлэг ухаанаар Монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн эрхэм хүндлэл мөнх оршино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, XXI зуунд хүн төрөлхтөн мэдлэг, мэдээллийг эрхэмлэж, шинжлэх ухаан, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, өндөр технологи нь бидний салшгүй хэрэглээ болжээ. Түүний ачаар дайн, халдварт өвчин, байгалийн гамшгийн үзэгдлүүдийг дэлхий нийтээрээ хянаж сурлаа. Гэвч их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй сөргөлдөөн, шинэ хүйтэн дайны аюул, гаднын зөөлөн хүчний бодлого, цэрэг, дипломатын харилцааны ярвигтай асуудлууд бидэнд олон талт сорилтыг бий болгож байгаа билээ.
Шинэ төрлийн хосолмол дайны зорилго нь ардчилсан улс орнуудын хувьд парламентат тогтолцоог нь онилж, мэдээлэл, сэтгэл зүй, цэрэг-улс төрийн нөлөөллийн арга технологийг ашиглан тогтворгүй байдал үүсгэхэд чиглэх болсныг та бүгд анзаарч буй биз ээ.
Манай улсын хувьд их гүрнүүдийн геополитик, геостратегийн сөргөлдөөний талбар болох эрсдэл өнөөгийн цаг үед тулгарч байна. Тиймээс аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэхэд Эрхэм генерал та бүгдийн мэдлэг, туршлага, бодлого, зөвлөмж нэн чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэе.
Хүндэт генералууд аа,
Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.
Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ.
Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генералууд ялгуусан энэ уламжлалаа ямагт нэр төртэй сахин хадгалж, дэлхийн халуун цэгт ч энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол цэргийн хийморь жавхааг ертөнцөд дуурсгасаар байгаад талархал илэрхийлье.
Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе гэлээ.
Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 79 жилийн хугацаанд 216 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртжээ.
Тэдгээр эрхэмүүдийг төлөөлөн генерал С.Баасанхүү үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын генералууд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах, хил хязгаарын халдашгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтуудыг шийдвэрлэх үйл хэрэгт манлайлан оролцож ирсэн. Тэдгээрийн хүмүүсээс Монгол Улсын баатар зургаа, хөдөлмөрийн баатар гурав, Монгол Улсын гавьяат цолтон 30, Монгол Улсын Их, Бага хурлын гишүүн, сайд, Элчин сайд, дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг 28 хүн хашиж ирсэн. Дайн байлдаанд 34 хүн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 18 хүн оролцжээ.
Өнөөдөр амьд сэрүүн байгаа 116 генерал цолтны 38 нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Хамгийн өндөр настан нь 99 насыг зооглоод байна.
Монгол Улсын генералууд төрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт урьдын адил манлайлан оролцох болно хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон генералуудтай дурсгалын зураг авахууллаа.
Эх сурвалж: УИХ