/2023.04.28/: Тайландын цагдаа нар өөрийн танил болон найзууд нийлсэн 12 хүнийг цианидаар хордуулж хөнөөсөн хэрэгт нэгэн эмэгтэйг сэжиглэн баривчилсан байна.
Сараратыг найзынх нь үхэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа мягмар гарагт Бангкок хотод баривчилжээ.
Шалгалтын дараа цагдаа Сараратыг хуучин найз залуу болон өөр 11 хүний аминд хүрсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Цагдаа нар түүнийг хөрөнгө, мөнгөний асуудлаас болж хохирогчдыг хөнөөсөн гэж таамаглаж байгаа бөгөөд Сарарат цагдаагийн байгууллагаас түүнд тулгаж буй гэмт хэргүүдийг үгүйсгэж байгаа юм. Гэмт хэрэгтэй холбогдуулан Тайландын эрх баригчид түүнийг батлан даалтад гаргахаас татгалзжээ.
Хоёр долоо хоногийн өмнө тэрээр найзынхаа хамт Бангкокоос баруун зүгт орших Ратчабури муж руу явж, голын эрэг дээр буддын шашныг хамгаалах зан үйлд оролцсон бөгөөд удалгүй түүний найз Сирипорн Ханвонг голын эрэг дээр унаж нас барсан байна.
Задлан шинжилгээгээр түүний биеэс цианидын ул мөр илэрсэн бөгөөд бусад хохирогчид ч үүнтэй төстэй байдлаар нас барсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Цуврал хүн амины хэрэг 2020 онд эхэлсэн бөгөөд хохирогчдын дунд Сараратын хуучин хамтрагч болон хоёр эмэгтэй цагдаа байгаа аж.
Цианидыг үхэлд хүргэх хэмжээгээр хэрэглэсэн бол амиа алдсанаас хойш хэдэн сарын дараа ч цогцосноос илрүүлж болдог аж.
Хор нь биеийн эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулснаар зүрхний шигдээс үүсгэдэг байна. Эхний шинж тэмдгүүд нь толгой эргэх, амьсгал давчдах, бөөлжих зэрэг байдаг гэв.
Эх сурвалж: ВВС