/2023.04.14/: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан" талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр,
Миний бие УИХ-ын гишүүний хувьд Оюу-Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж ажлаа эхэлсэнтэй холбогдуулан далд уурхайгаас МУ-д ногдох үр ашгийн талаар Ерөнхий сайдад дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүсэлт тавьсан.
"Оюу толгой" төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1,9 тэрбум долларын орлого олсон статистик байгаа. Далд уурхай ашиглалтад орсноор энэхүү борлуулалтын хэмжээ 5 дахин нэмэгдэх боломжтой болж байгаа. 2028-2030 оны үед оргил ачаалалтай ажиллана. Энэ үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг олборлож экспортод гаргана. Тэгэхээр МУ зэсийн том тоглогч болж байна гэсэн үг. Харин Монголчуудад ирэх үр ашиг тодорхой бус байна. Сая нээлтийн үед 2032 оноос ногдол ашиг авч эхэлнэ гэж байсан гэтэл зарим яамдуудын мэдээлэлд 2037, 2038 он гэж байсан. Тэгэхээр миний тавьсан эхний асуулт нь:
Нэгдүгээрт: МУ-ын ногдол ашиг авч эхлэх албан ёсны баталгаат хугацаа хэзээнээс вэ? жил жилээр ямар хэмжээгээр ногдол ашиг авах вэ?
Хоёрдугаарт: 2023-2041 онд өөрөөр хэлбэл далд уурхай 2041 он гэхэд ашиглаж дуусна. Тэр үед МУ-ын төсөвт ямар хэмжээний орлого орох вэ? эдийн засгийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл?
Гуравдугаарт: Гүний уурхайд хэрэглэгдэх усны хэмжээ? Төлбөр тооцоо? Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ямар байх вэ?
Дөрөвдүгээрт: Нэг тонн зэсд байгаа алтны хэмжээ? /2021 оны статистикаар 136 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод 300 сая долларын алтыг ялгаж авсан гэж Оюу толгой ХК-иас мэдэгддэг. Энэ далд уурхай орсноор ямар хэмжээний алт авах вэ, бусад элементүүд юу байна гэсэн судалгааг танилцуулах?
Тавдугаарт: Оюу толгой төсөл дээр лаборатори байгаа манай улсаас давхар лаборатори байгуулах уу? Энэ төслийн лаборатори дээр хамтарч ажиллах уу? Зэсийн баяжмал дээр ямар хэмжээний баялаг дагалдаж гарч байгаа талаарх судалгаа?
Зургаадугаарт: Бид нар алт худалдаж авах талаар маш их ажил зохион байгуулж байгаа. Тэгэхээр Оюу толгойн гаргаж байгаа алтнаас Монголбанк тодорхой хэмжээнд худалдаж авах боломж байгаа юу?
Наймдугаарт: МУ-ын нийт өр 33.4 тэрбум доллар үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум доллар байгаа. Урьд хийсэн тооцоогоор 2021 он хүртэл үүссэн 2.3 тэрбум долларыг тэглэсэн гэж байгаа ч манай гадаад өрнөөс хасагдаагүй байгаа. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?
Есдүгээрт: МУ нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Манай дараа орж байгаа улсын нэг хүнд ногдох өрөөс хоёр дахин их өртэй байгаа. Энэ өрөнд Оюу толгойн өр 12.5 тэрбум доллар байгаа. Энэ өрийг багасгахаар юу хийж байна вэ?
Аравдугаарт: ЗГ-ын 2021 оны Оюу толгой ордын МУ-ын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай 103 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна гэсэн асуултуудыг Ерөнхий сайдад тавьсан байгаа. Энэ асуултуудын хариултыг аваад УИХ-ын нээлттэй чуулганаар хэлэлцүүлье гэсэн хүсэлт тавьсан байгаа гэв.