/2023.03.29/ Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхи мансууруулах бодисын төрлийн эм бэлдмэл хэрэглэх тохиолдол, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байна. Уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас тодруулга мэдээлэл өгч байна.
2020 онд Мансууруулах эмийн комиссын 63-р хуралдаанаар НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглахаар “каннабис болон каннабисын давирхай”-г хассан боловч тус конвенцын 1-р жагсаалт буюу “Олон Улсын хяналтад байх бодисын жагсаалт”-аас хасаагүй ажээ.
Каннабист 100 гаруй төрлийн бодис байдгаас нэг нь каннабидиол буюу CBD юм. Шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд хорт хавдрыг эмчилдэг гэх эмнэл зүйн судалгаа одоогоор байхгүй.
Дэлхийн улс орнуудаас 20 гаруй хувь нь каннабисын хэрэглээг хуульчилснаас 15.4 хувь нь мансууруулах зорилгоор хэрэглэх, тогтоосон хэмжээтэйгээр биедээ авч явахыг зөвшөөрсөн. Шалтгаан нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хар зах зээл, гэмт бүлэглэлүүдийг хянах, хэрэглэгч донтогч нарыг эмчилгээ үйлчилгээнд хамруулах юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоос бусад тохиолдолд тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглодог байна.