/2021.09.02/: 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир гуайг энэ өдөр бид онцолж байна.
Тэрээр 1950-1951 онд Цэргийн Ерөнхий сургуулийн Офицерын 6 сарын давтан курс, 1964-1966 онд ЗХУ-д Цэргийн холбооны академийн дээд курс, 1957-1960 онд тухайн үеийн Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгссөн. Т.Бат-Очир 1940 онд Нийслэл хотноо Цэргийн холбооны засварын төвд алба хааж эхэлсэн мөчөөс Ардын Армийн ариун жагсаалд 46 жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан манлайлагч, хөдөлмөрч, дайчин зан чанартай ахмад холбоочин билээ.
Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайны хүнд нөхцөлд цэргийн холбооны техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ цахилгааны гэрэлтүүлэг тавих, машины болон радио станцуудын хураагууруудыг цэнэглэх, шингэнийг сэлбэх, засварлах ажлыг амжилт дүүрэн гүйцэтгэснийг түүх мартах учиргүй.
Тэрхүү Чөлөөлөх дайны дараагаар олон арван офицер, ахлагч нар энх цагийн бүтээн байгуулалтад шилжсэн нөхцөлд ахлах дэслэгч Т.Бат-Очир Батлан хамгаалах яамны Шуудан тасгийн дарга, техникчээр томилогдон үүргээ үлгэр жишээ гүйцэтгэхийн хамт залуу үеэ цэргийн холбооны мэргэжилд сургах, төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм нэгэн билээ.
Эх сурвалж: БХЯ