/2021.09.01/ БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.
Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19 нд хөдөлмөр хамгааллын үйлчилгээний ерөнхий газрын байранд өдөрт 4 ээлжээр зохион байгуулж байна.
Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг 11 дүгээр сарын 3-ны өдөр зарлах юм.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг 10 дугаар сарын 20-нд зарлана.
Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.