/2021.09.01/ Энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар боллоо.
Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан.
Тэгвэл энэ жилээс цагийн хуваарийг өөрчлөхгүйгээр цаашид ч гэсэн өглөөний 08:00 цагт ажил эхлэх юм байна.
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлжээ. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм.
Эх сурвалж: Улаанбаатар.мн