ОХУ-ын иргэн Б.Баатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан, орогнол хүссэн. Үүнтэй холбогдуулан бид түүний өмгөөлөгч Олон улсын хүний эрх зүйч Д.Ганбаяртай ярилцлаа.
-Өнөөдөр Б.Баатар орогнол хүсэж Ерөнхийлөгчид өргөдөл бичсэн байсан. Үүний хариу хэзээ ирэхээр байна вэ?
-Хэзээ хариу ирэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр /2023.02.28/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа ирж уулзаад явсан. Хууль эрх зүйн хүрээнд заавал Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргаж байж энэ хүнийг орогнуулах эсэхийг шийдэх боломжтой. Ерөнхийлөгч шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд албадан буцаах боломжгүй.
Хэрэв Баатар Бормагнайг буцаавал Монгол Улс олон улсын хоригт орох нөхцлөө хангана. Энэ хүн ганц дайнаас зугтаж орогнол хүсэх гэж байгаа юм биш. Энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал.
-Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын хүрээнд тухайн иргэний эрхийг хэрхэн хамгаалах боломжтой вэ?
-Олон улсын зэвсэгт мөргөлдөөнөөс хэлмэгдэгсдийг хамгаалах 1949 оны Женевийн конвенц байдаг. Монгол Улс 1977 онд энэхүү конвенцод нэгдэн орсон. Тиймээс Монгол Улс яалт ч үгүй Баатар Бормагнайг хамгаалах үүрэгтэй.
Нөгөө талаас манай улс 1961 онд НҮБ-д элсэн орсон. Энэ хүрээнд Хүний эрхийн тунхаглал, Иргэний болон улс төрийн олон улсын эрхийн фактыг дагаж мөрдөх ёстой. Хэрэв уг асуудлыг авч хэлэлцэхгүй бол Монгол Улсын хувьд олон улсад маш ичгэвтэр байдалд орно. Одоохондоо олон улсад энэ хүний талаар ямар нэг мэдээлэл гаргаагүй байна. Учир нь Монгол Улсын олон улсын хүрээнд хүлээсэн гэрээ, нийтийн эрх зүйг дагаж мөрдөх нь үү, үгүй юу гэдгийг ажиглаж байгаа. Хэрэв албадан гаргавал Монгол Улс дэлхийн шившиг болно.
Цаашилбал бид нэгдэн орсон олон улсын 6,7 конвенцыг Үндсэн хуулиараа дагаж мөрдөх ёстой. Хэрэв үүнийг зөрчвөл олон улсын хоригт орох эрсдэлтэй. Бидний зүгээс АНУ-ын элчин сайдын яам болон НҮБ-ын холбогдох хууль эрх зүйч нартай холбоо тогтоосон. Мөн НҮБ-ын Бангкок дахь хүмүүстэй холбогдсон.
Монгол Улс энэ хүнийг ирсэн газар руу нь буцаана гэж байгаа нь үхэл рүү нь явуулж байгаагаас ямар ч ялгаагүй. Өнөөдөр зарим хуулийн фирмээс бидэнд дэмжлэг үзүүлсэн. Хэрэв энэ хүн ОХУ-руу буцвал 8 жилийн ял авахаар байгаа.
Тиймээс Европын холбоо, АНУ-ын элчин, НҮБ энэ асуудалд маш их ач холбогдол өгч байна. Хоёр өдрийн дотор маш их ажил амжуулсан. Одоо бол энэ хүн НҮБ-ын дүрвэгсдийн жагсаалтад ороход бэлэн болчихсон байгаа. Хэрэв үнэхээр Монгол Улсад байлгах боломжгүй гэвэл ядаж гуравдагч улс руу очих боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Ардчилсан улсын хувьд энэ хүнийг амьд явах боломжоор нь хангаж өгөх үүрэгтэй.
-Орогнол хүсэж байгаа хүнийг бичиг баримтын зөрчилтэй байна гээд буцаах гэж байгаа нь хууль эрх зүйн талаасаа хэр үндэслэлтэй вэ?
-Оросууд Украин руу дайрахад иргэд нь бүгд Европ руу явсан. Тэдгээр хүмүүс дотор паспорттой, паспортгүй, визтэй, визгүй маш олон хүн байсан. Олон улсын Хүний эрхийн конвенцод хамгийн чухал нь хүмүүнлэг байдлыг хангах ёстой гэж заасан байдаг. Түүнчлэн дайнаас дүрвэж яваа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой гээд маш олон гэрээ конвенцод тусгасан байгаа. Гэтэл зөвхөн бичиг баримтын зөрчилтэй гэх нэрийдлээр энэ хүнийг буцааж болохгүй. Украйнаас дүрвэсэн маш олон хүн ямар ч бичиг баримтгүй байсан. Эдгээр хүмүүст хорогдох газар гаргаж өгч, амьдрах боломжоор нь хангаж өгсөн.
Гэтэл манайхан олон улсын нийтийн эрх зүй гэж ярихаар юу мэдэхгүй, ямар ч ойлголтгүй байна. Олон улсын нийтийн эрх зүй гэдэг үгээ мэдэхгүй төрийн байгууллагын дарга байхад яаж олон улсын конвенцыг мэдэх юм бэ.
Дайн болоогүй байсан бол хамаа алга. Энэ хүнийг буцааж болно. Гэтэл тухайн улсаасаа арай гэж зугтаж орж ирж байгаа хүнийг буцаана гэдэг гэмт хэрэг. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй.
-Тухайн халимаг эрэгтэй өчигдөр өөрийг нь албадан гаргахаар угзчиж татан, сүрдүүлсэн гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Юу болсон юм бол оо?
-Өчигдөр бол маш хүмүүнлэг бус үйлдэл гаргасан байна лээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлээгүй л бол Монгол Улсын иргэнтэй адил эрх эдэлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ хүн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй. Мөн ямар нэг байдлаар халдлагад өртөхөөс сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй. Түүнчлэн хоол, цай идэж уух боломжоор хангах ёстой. Түүнчлэн сошиал орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Гэтэл өчигдөр "Оруулсан постоо нь устга. Устгахгүй бол Орос руу явуулна" гэж дарамталсан байна лээ. Түүнчлэн өчигдрөөс хойш огт хоол унд өгөөгүй. Энэ хэзээ ч байж болохгүй асуудал.
Олон улсын терминалд байгаа хүнд бид Монгол Улсын шоронд байгаа юм шиг хандаж байна. Энэ хүн цагаачилж, орогнол хүсэж явж байгаа гэсэн байдлаар дээрэлхүү хандаж болохгүй. Энэ бол хүний эрхийн зөрчил.
-Энэ хүн яг ямар ажил мэргэжилтэй, юу хийдэг хүн юм бол?
-Тухайн иргэн 1965 онд төрсөн. 1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн. Маш өндөр боловсролтой хүн. 1998 оноос хойш Халимагийн Бүгд найрамдах улсын дунд сургуульд Халимаг, Монгол хэл заадаг байсан багш хүн. Мөн түүхийн хичээл заадаг.
Түүнчлэн үндэсний цөөнхийн төлөө өөрийн дуу хоолойг хүргэдэг, нэлээд нийгмийн идэвхтэй хүн. Өвөрмонголын дунд сургуульд Монголбичиг заахыг хориглоход хүртэл энэ хүн ганцаараа гудамжинд эсэргүүцээд явж байсан. Болохгүй байгаа зүйлийн төлөө л дуугардаг. Тэрнээс биш жагсаал цуглаан хийж, ард иргэдийг турхирах үйлдэл гаргаагүй. Бид ч гэсэн энэ хүнийг тодорхой хэмжээнд судалсны үндсэн дээр туслах гээд явж байна. Энэ хүн бол нэг талаараа монгол хүн шүү дээ.
-Тухайн иргэн ОХУ-аас хэдэн сарын өмнө гарсан бэ. Казахстанд байж байгаад Монголд ирсэн үү?
-2022 оны гуравдугаар сарын ОХУ-аас Казахстан руу дүрвэсэн юм байна лээ. Мөн Казахстанд байх хугацаандаа олон халимаг иргэнийг дайнаас зугтахад нь тусалсан гэж ярьж байсан. Харин сүүлд гадаад паспортынх нь хугацаа дуусах дөхөөд сунгуулах гэхэд чадаагүй юм шиг байгаа юм. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд арга буюу монголд ирсэн. Тэр хүний ярьж буйгаар өөрөө монголд, тэр тусмаа баруун аймагт ирж амьдрах сонирхолтой. Энэ хүн одоо 58 настай.
-УИХ-ын гишүүн С.Одонтуяа ирж уулзсан гэж ярьж байсан. Та бүхэнд дэмжлэг тусламж үзүүлэх боломжтой гэсэн үү?
-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ирж уулзахдаа "Наад хүнийг чинь бараг буцаах шийдвэр гарчихлаа. Буцаах нь тодорхой болчихсон юм байна шүү Ганбаяр аа" гэж надад хэлсэн. Миний зүгээс тийм зүйл байж болохгүй гэдгээ хэлсэн байгаа. Монгол Улс чинь тусгаар тогтносон, ямар ч улсаас хараат бус улс шүү дээ. Эсвэл ОХУ-ын ямар нэг муж юм уу.
Энэ хүн монголд амьдрахад яах вэ дээ. 2017 онд Монгол Улсад ирж байсан гэсэн. Өөрөө эрдэмтэн хүн учраас судалгаа хийж, ном бичих гэж ирсэн. Энэ боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ.
-Б.Баатар гуайн биеийн байдал одоо хэр байна вэ?
-Одоо бол өөрт ямар ч мөнгө байхгүй. Тиймээс бидний зүгээс эм тариа авч өгч өөрсдийнхөө боломжоор тусалж байна.
Байнгын даралт нь ихэсдэг. Тиймээс өдөрт хоёр удаа даралтны эм уух ёстой байдаг юм байна. Түүнчлэн одоо байгаа нөхцөл байдлаас нь болоод бронхит өвчин нь сэдэрчихсэн. Байнга цэртэй ханиаж байна. Бараг хатгаа авсан байж магадгүй болоод байна. Эрүүл мэндийн хувьд нэлээд тааруу байгаа. Казахстанд байх хугацаандаа орон байргүй, хоолтой хоолгүй байж байгаад ирсэн. Маш их зовж байж энд ирсэн.
Тиймээс бид ядаж эмнэлэгт аваачаад шинжилгээ өгөх зөвшөөрөл өгөөч гэсэн. Гэвч болохгүй гээд байна. Бид нэгэндээ сэтгэл гаргаж, хүнлэг харьцах ёстой шүү дээ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.