/2023.2.5/ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв болон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц (ТХСК)-ийн Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүдийн баг өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад ажиллалаа.
Тэд тамхины хяналтын талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн шинэчлэлд мэргэжил аргазүйн дэмжлэг, зөвлөмж туслалцаа үзүүлсэн байна.
Монгол Улс 2003 онд ДЭМБ-ын ТХСК, 2014 онд Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколыг тус тус соёрхон баталсан. Монгол Улсад одоо мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулжээ. Тус хуульд хийсэн эрх зүйн дүн шинжилгээнээс харахад хуулийн цоорхой ихтэй бөгөөд, түүнийг яаралтай шийдэх шаардлагатай гэжээ. Ингэснээр тамхины хэрэглээний тархалтыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Тамхины зохицуулалт:
Тамхины тахлын эсрэг тэмцэхийн тулд ДЭМБ-ын Гишүүн улс орнууд 2003 онд Тамхины хяналтын суурь конвенцийг баталсан. Одоогоор 181 улс орон болон 1 бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Европын Холбоо) энэхүү олон улсын гэрээг соёрхон батлаад байна.
МОНГОЛ УЛСАД ЖИЛД 4300 ХҮН ТАМХИНЫ УЛМААС НАС БАРДАГ
2019 оны байдлаар Монгол Улсын 15-69 насны насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг гэх судалгааг ДЭМБ мэдээлж байна. Үүнээс 43.7 хувь нь эрэгтэйчүүд, 5 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 13-15 насны сурагчдын 14 хувь нь аль нэг төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн, 21 хувь нь хөвгүүд, 6.9 хувь нь охид байна.
Монгол Улсад жилд 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг ажээ. Эдгээрийн 72 хувь нь 70-аас доош насны хүмүүс цаг бусаар, эрт нас барж байна. Тамхины шалтгаант нас баралтын 12 орчим хувь нь дам тамхидалтын улмаас нас барж байна.
Тамхины хэрэглээ нь жилд 143.3 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг Монгол Улсад учруулдаг.
Дэлхийн дахинаа тамхи жил бүр 8 сая гаруй хүний аминд хүрдэг. Үүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд 1.2 сая орчим нь тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтад өртсөний улмаас нас барж байна.
Дэлхий даяар хорт хавдраар нас баралтын 25 хувийг тамхины шалтгаант нас баралт эзэлж байна. Никотин, тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдар, зүрх судас, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ХҮҮХДҮҮД ХОЖИМ ТАМХИ ТАТАХ
МАГАДЛАЛ ХОЁР ДАХИН НЭМЭГДДЭГ
Тамхины үйлдвэрлэл нь шинэ үеийнхэн, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэж байна. Электрон тамхи хэрэглэдэг хүүхэд, өсвөр насныхан хожим тамхи татах магадлал дор хаяж хоёр дахин нэмэгддэг.
Электрон тамхины хэрэглээ нь зүрх, уушгины өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Электрон тамхинд агуулагдах никотин нь өндөр идэвхт донтуулагч бодис бөгөөд хүүхдийн тархины хөгжилд хортой нөлөөтэй.
Шингэн тамхи буюу шишаг хэрэглэх нь бусад төрлийн тамхитай ижил хортой нөлөө үзүүлдэг.
Эх сурвалж: ДЭМБ