Б.Оюундарь: Цахим орчин дахь хүүхдийн хүчирхийлэлд 9,10 настнууд өртөж эхэлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оюундарь: Цахим орчин дахь хүүхдийн хүчирхийлэлд 9,10 настнууд өртөж эхэлсэн

"Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд ЕБС-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нарт Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотойгоор сургалтыг хариуцан зохион байгуулж буй “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарьтай ярилцлаа.

-Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтад танай байгууллага ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Манай байгууллага энэ төсөл дээр 5 дүүргийн 15 сургуульд суурилсан үйл ажиллагааг хариуцан ажиллана. Энэ ажлын хүрээнд сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах юм. Сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, цахим орчин дахь хүчирхийлэл зэргийг ойлгож болно.

-Тус сургалтад нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нараас гадна сургуулиудын захирлуудыг хамруулж байгаа юм байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Сургуульд хүүхэд хамгааллын багийг ЕБС-ийн захирал ахална гэж заасан байдаг. Тиймээс уг сургалтад сургуулийн захирлуудыг татан оролцуулаж байгаа. Хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээнд Нэг, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, үл хайхрах явдлаас урьдчилан сэргийлэх буюу сургуулийн засаглалын орчинд анхаарч ажиллах. Хоёрт, хүүхдэд аливаа эрсдэл, хүчирхийлэл гарвал таслан зогсоох. Гуравт, нөхөн сэргээх үйл ажиллагаа байдаг. Тиймээс сургуулийн захирал дээр үйлчилгээний үе шат бүрт нөлөөлж, шийдвэр гарган манлайлах нь маш чухал юм.

-Сургуулийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийллүүдийг илрүүлэх, арга хэмжээ авах тал дээр манай ЕБС-иуд хэр сайн ажилладаг вэ?
-Хүүхэд хамгааллын тухай хуульгүй, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогогүй байх үед жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдлуудыг хав дарах, өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх тохиолдол багагүй байсан. Жишээ нь сурагч жирэмсэн болсон тохиолдолд шууд нуудаг, эсвэл сургуулиас хөөх гэх мэт.

Харин одоо бол нэг үеэ бодвол харьцангуй өөрчлөгдөж байна, хүүхэд, асран хамгаалагч нар хүүхийн эрхээ мэддэг, хамгаалдаг болсон. Тогтолцооны хувьд өөрчлөгдөж, хүүхэд хамгааллын бодлого хүүхдүүдэд илүү ээлтэй болж байна. Сургуулийн удирдлага, захирал, мэргэжилтнүүд өөрсдийн үүрэг оролцоог арай өөрөөр харж эхэлж байна. Тэд боловсролын байгууллага гэдэг хүүхдэд зөвхөн боловсрол олгодог газар биш юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Учир нь хүүхэд сургууль дээр зөвхөн сурч боловсрохоос гадна хамгаалуулах, хөгжих, нийгэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэргээр бусад суурь эрхээ эдэлж байдаг. Ялангуяа цар тахлын 2 жилийн хугацаанд үүнийг маш сайн мэдэрлээ.

-Сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүд цахим орчинд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээд гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Танай төрийн бус байгууллагад энэ шалтгаанаар хэр их хүн хандаж байна вэ?
-Өмнө бэлгийн дарамт, болзооны үеийн хүчирхийлэл, цахим орчин дахь садар самуун явдал, энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 15-24 насны охид өртөж буй талаар манайд бүргэгдсэн байдаг. Гэтэл сүүлийн 3-4 жил буюу ялангуяа ковидын үеэр нас нь улам залуужиж 9,10 настай хүүхэд хүртэл дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж байна. Түүнчлэн хүйс хамаарахгүй болсон. Манай байгууллагад ханддаг хүүхдүүдийн 90 хувь нь охид, 10 хувь нь хөвгүүд байдаг. Бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн 18-аас доош насны хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг урт хугацаанд үнэ төлбөргүй үзүүлдэг.

-Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу байдаг вэ. Олон улсын сайн туршлага нь юу вэ?
-Сургалт, сурталчилгаа бол хамгийн үр дүнтэй арга юм. Өөрөөр хэлбэл бүхий л түвшинд жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу байдгийг мэдэж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголттой байх хэрэгтэй. Нөгөө талаар энэ бол хүүхдэд олгох суурь мэдлэг байх ёстой. Бид амны хөндийн ариун цэврээ хэрхэн сахих вэ гэдгээ маш сайн мэддэг. Яг үүнтэй адил эхний ээлжинд энэ төрлийн хүчирхийллийн талаар бүхий л насны, бүлгийн хүмүүст танин мэдүүлэх нь чухал.

Жишээ нь, бага насны буюу 10 хүртэлх насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд цөөнгүй өртдөг. Тиймээс хамгийн түрүүнд хувийн орон зай гэдэг ойлголтыг заах ёстой. Хүүхдэд “Чиний биед хэн хүрч болох, хэн хүрч болохгүй вэ” гэдгээс эхлээд аль хэсэгт хүрч болох, болохгүй вэ гэдгийг ойлгуулах нь маш чухал. Биедээ хэнийг хүргэх, хэнийг хүргэхгүй вэ гэдэг нь чиний шийдвэр гэдгий хүүхдэд сайн ойлгуулах хэрэгтэй, мэдээр асран хамгаалагч нар нь ижил ойлголттой байх нь чухал.

Цаашлаад хүүхдийн тусламжийн 108-т мэдээлэх, сургуулийнхаа багш, нийгмийн ажилтанд хэлэх ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Жендэрт суурилсан хүчирхийлэл нь явцдаа ямар хор уршигтай байдаг вэ?
-Тухайн даван туулагч хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн хөгжилд шууд болон шууд бус нөлөөллийг үзүүлж байдаг. Өөрөөр хэлбэл өчигдөр үе тэнгийн дарамтад өртсөн хүүхдэд үр дагавар нь өнөөдөр илрэхгүй хэдэн жилийн дараа өөрийн амьдралдаа болон нийгмийн харилцаанд сөрөг зан үйл болон илэрч болно. Энэ нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон сурах, хөдөлмөр, хосын харилцаанд нөлөөлөх магадлалтай. Мөн сөрөг зан зүйлд автах, донтох цаашлаад өөрийгөө гэмтээх, амиа хорлох зэрэг эрсдэлтэй. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аливаа хүчирхийллээс ангид байгаа нь таны, танай гэр бүлийн асуудал бус БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО, АНХААРАЛ хандуулах нийгэм, эдийн засгийн чухал асуудал юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Маргааш -23 хэм, ялимгүй цас орно
Маргааш -23 хэм, ялимгүй цас орно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.