Ходоодыг хоёр янзаар дурандаж байна. Нэг нь унтуулгатай, нөгөөх нь унтуулгагүй. Миний хувьд Сонгдо эмнэлэгийг сонгосон. Оочер маш их байдаг юм билээ. Тийм болохоор өглөө 08.30 цагт ажил нь эхэлдэг гэж сайтдаа бичсэн байсан ч 08.20 гээд очиход 35 хүний ард байсан шүү.
Сувилагчаас нь хугацааг нь асуув. Унтуулгагүй нь ойролцоогоор 3 минут болно /унтуулгатай нь ч адил биз дээ/ гэв. Харин унтуулгатай дурангийн тухайд хажуудаа заавал хэн нэгэнтэй байх ёстой, зарим хүний манараа өдөржин гардаггүй, тухайн өдрөө оюуны болоод биеийн хүнд хүчир ажил хийхгүй зэрэг сануулгыг өгөв.
Харин хоёулаа адилхан шинжилгээний урд өдөр нь 19 цагаас хойш хоол идэхгүй. Өглөө очихдоо өлөн байна.
Үнийн хувьд ч харилцан адилгүй. Унтуулгатай нь 174 мянга бол, унтуулгагүй нь 83 мянган төгрөгийн төлбөртэй юм билээ.
Тэгэхээр нь ойролцоогоор 3 минут болох дуранг тэсээд гарчихна даа гэж бодоод унтуулгагүй дуранг сонголоо.
Гэхдээ хэдий богино хугацаа ч гэлээ үнэхээр хүнд байсан. Хоосон ходоодонд өнөөх дуран нь хэсүүчилж байгаа нь мэдрэгдээд, ихээр хэхрүүлж, нус нулимс гоожиж… Ярих ч юм биш. Аз болж тэгсгээд дууссан. Гарч ирснийхээ дараа бол огт тийм зүйл болоогүй мэт л байсан даа кк.
Ходоодоо дурандуулаад гарч ирсэн даруйдаа бүлээн усаар амаа зайлах хэрэгтэй. 30 минутын дараа юм идэж, ууж болно гэсэн.
Энэ удаад унтуулгагүй дуранг сонгох болсон өөр нэг шалтгаан нь унтуулганд орохоос эмээсэн хэрэг байв. Ой санамжид нөлөөлөх болов уу, хэцүү байх болов уу гэж бодсон юм. Харин хожим нь мэргэжлийн эмчээс асуухад гүн унтуулга биш учир ой санамжид нөлөөлөөд байх зүйлгүй гэсэн билээ. Тиймээс дараагийн удаад ходоодоо дурандуулах бол унтуулгатайг нь сонгохоор шийдсэн.
Учир нь 40+ насныхан жилд нэг удаа ходоодоо дурандуулж байх ёстой шүү дээ.
Миний туршлага булангийн 1 дүгээрх буюу “Робот тоос сорогч худалдан авсан туршлагыг” ЭНД ДАРЖ унших боломжтой.