МИНИЙ ТУРШЛАГА: Робот тоос сорогч авсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА: Робот тоос сорогч авсан нь

Ажил ихтэй байдаг болохоор робот тоос сорогч гэртээ авсан. Ингээд өөрт төрсөн сэтгэгдэл, хэрэглэгчийн туршлагаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Нийт оноог 100 хувь гэж тооцвол тухай бүртээ хэдэн оноо авахыг зааж өглөө.

Сэтгэл ханамж: 70%

Хэрэглээний туршлага: Орой ядарч очоод гэрээ цэвэрлэх гэж зовох шаардлагагүй. Ядарсан үед шал угаах, тоос соруулах ч бас л их энерги шаардсан ажил шүү. Харин робот тоос сорогчоо ажиллуулчихаад, хаалгыг нь хаачихсны дараа хоол цайгаа идэж уугаад, зурагтаа үзээд хэвтэх ч сайхан даа. Тэгээд 15 орчим минутын дараа дуусахаар нь очиж аваад, дараагийнхаа өрөө рүү оруулж, хаалгыг нь хаагаад л болчихно.

Чийгтэй цэвэрлэгээ хийдгийг нь авбал зүгээр санагдсан. Эхэлж тоосыг нь соруулаад, дараа нь чийгтэй цэвэрлэгээн дээр нь тавиад дахиад өрөөнийхөө хаалгыг хаахад л болно.

Дутагдалтай тал: Том тоос сорогчийг бодвол жижигхэн эд учир цэвэрлэгээ хийсэн болгоныхоо дараа доторхыг нь цэвэрлэх шаардлагатай. Мөн шалан дээрх бүх зүйлсийг дээш нь авч тавихгүй бол жаахан хүүхдийн оймсонд ч тээглээд гацчихна. Үснүүдийг нь цэвэрлэж, авч байхгүй бол шүүрнийх нь эргэлт муудчихдаг юм билээ.

Яг 100% бол гүйцэт цэвэрлэхгүй. Зарим нэгэн юм байна байна. Гэхдээ орон доогуур, тавилга доогуурх тоосыг бол мөлчийтөл цэвэрлэнэ шүү.

Цэнэг: Нэг цэнэглэхдээ 2-3 цаг болно. Тэгж нэг цэнэглээд авсан байхад овоо явна. Лав л хоёр удаагийн тоос соролт, чийгтэй цэвэрлэгээг хийчихнэ. 70м2 байранд шүү дээ. Цэвэрлэж дуусчихаад л цэнэглэгчинд нь залгаад орхичихно.

Сонин мэдрэмж: Хүнээр гэр цэвэрлүүлэхээр “ядарч байгаа болов уу” гэдэг бодол төрж, санаа зовнидог. Харин роботыг ажиллуулахад “Тултал нь цэвэрлүүлнэ, хэд ч цэвэрлүүлсэн яахав дээ” гэдэг бодол төрөх нь их сонин мэдрэмж санагдсан.

Үнэ: Нэг сая гаруй төгрөгөөр онлайн худалдаанаас авсан. Гэхдээ ойрын хүмүүсийн худалдаж авсныг нь харвал 500-700 мянгаар авчихсан ч нэг их ялгаагүй мэт санагдсан.

Хүүхдүүд эвдчих вий: Эхэлж жаахан сонирхож байгаад дараа нь тоохоо больчихдог юм билээ. Манайх 8 хүртэл насны 3 жаахан хүүхэдтэй.

Зөвлөмж: За ер нь том тоос сорогчоо яаран хаяхгүй байхыг зөвлөе. 6 хоног роботоор цэвэрлүүлээд, үлдсэн нэг хоногт нь өөрөө зад цэвэрлээд байхад гэмгүй.

Мэдээж, эцэст нь хэлэхэд ажил ихтэй бол авах л ёстой эд юм билээ.

“Е-Mongolia” систем 27 тэрбумын хэмнэлт гаргажээ
“Е-Mongolia” систем 27 тэрбумын хэмнэлт гаргажээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.