Тим: Монголын компаниуд бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих цаг болсон гэж боддог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тим: Монголын компаниуд бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих цаг болсон гэж боддог

Пипл ин Нийд байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкис

/2022.10.15/ Монголд цөөнгүй олон улсын байгууллага ажилладгийн нэг нь Пийпл ин Нийд. Чех улсад төвтэй энэ байгууллага 2009 оны зуднаар манай улсын малчдад яаралтай тусламж үзүүлсэн нь анхны төсөл нь байв. Албан ёсоор 2011 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Бид Пипл ин Нийд байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкистэй ярилцлаа. Тэрээр багагүй хугацаанд манай улсад ажилласан бөгөөд тун удахгүй Пипл ин Нийд байгууллагын бүсийн захиргаанд ажиллахаар болжээ. MPress.mn Тим Женкисийг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулдаг ИНДЭР булангийнхаа ӨӨРЧЛӨГЧИД ярилцлагын хэсэгт урьж, иргэний нийгмийн байгууллага ямар байх, хэрхэн ажиллах ёстой талаар санаа бодлыг нь хуваалцлаа.

Пипл ин Нийд (People In Need) байгууллагыг анх 1992 онд хэсэг сэтгүүлч, найзууд нийлж байгуулсан гэдэг. Хүмүүнлэгийн баг болон мөнгө босгож, тухайн үед маш олон улсад, түүн дотроо монголд ч туслалцаа үзүүлж байсан түүхтэй. Энэ түүх их сонирхолтой. Байгууллагынхаа түүхийг бидэнтэй товчхон хуваалцаач?
-Чехословакт өрнөсөн “Хилэн хувьсгал”-ын дараахан Монгол Улс шиг коммунизм нуран унасны дараа тус улсад ардчиллын эхний жилүүд тогтож, яг тэр үеэр хэсэг сайн дурынхан, найзууд, сэхээтнүүд болон сэтгүүлчид манай байгууллагыг байгуулсан гэдэг. Болж буй үйл явц, хямралын талаар зөвхөн мэдээлээд зогсохгүй, үүний талаар ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэж шийдсэн. Учир нь сэтгүүлчид учир маш олон хүнтэй ярилцлага хийж, сурвалжилж байсан учир тэд нөхцөл байдлыг маш гүнзгий мэдэрч байсан гэх үү дээ. Тухайн үед хуучин Югослав буюу Балканын орнуудад иргэний дайн дэгдэж, иргэдийн хувьд маш хүнд хэцүү нөхцөлтэй учирсан. Манай байгууллагын Гүйцэтгэх захирал Шимон Панек болон түүний найзууд дайнд нэрвэгдсэн, тусламж шаардлагтай иргэдэд туслахаар шийдэж, хандив цуглуулж эхэлсэн юм.

1993 онд Монгол руу хүртэл 50 тонн буюу хоёр контейнер тусламжийн бараа илгээж байсныг зарим хүн санах байх. Гэх мэтээр хуучин социалист орнууд руу Пипл ин Нийд байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн шаардлагатай тусламжийн гараа сунгаж ирсэн түүхтэй.

2000-д оны үед дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа улс орнуудын иргэдэд мөн туслах санаачлагыг гаргасан. 2010 оноос Пипл ин Нийд байгууллага нэлээд өөрчлөлт хийж, хүний эрх, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, эдийн засгийн хөгжил хариуцсан гээд хэд хэдэн хэлтэс газартай болсон. Нийгмийн хамгаалал нь БНЧУ-ын иргэддээ зориулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бол бусад хэлтсүүд нь олон улсад чиглэн үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар бид 26 улс оронд хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, 15 улс оронд хүний эрхийн чиглэлээр ажиллахын зэрэгцээ Чех улсын иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Хаанаас, хэрхэн санхүүжилт босгож ийнхүү хурдан өсөж хөгжсөн талаараа сонирхуулахгүй юу?
-Ялангуяа эхэн үедээ энгийн иргэдийн хандиваар ажиллаж байсан. Иргэд хүнс, хувцас, бэлэн мөнгөөр тусалдаг байлаа. Ковидын хоёр жилийн хугацаанд манай байгууллага 20 мянган долларыг Монгол Улсад хандивлаж, нэн шаардлагатай тусламжийг хамгийн түрүүнд үзүүлж чадсан олон улсын анхны байгууллага болсон. 20 мянган евро тийм их мөнгө биш санагдаж магадгүй. Гэхдээ бид ковидын үеэр шаардлагатай айлуудад туслах хөтөлбөрийг эхлүүлэн ажиллахад, бидний ажлыг дэмжих бусад олон улсын байгууллагууд гарч ирэн, нийтдээ 250 мянган долларыг бид босгож чадсан юм.

Яг одоо Украинд болж байгаа Оросын өдүүлсэн дайны үеэр гэхэд л Чехийн ард түмнээс Украины ард түмэнд 70 сая еврогийн тусламжийг үзүүлээд байна. Хэдийгээр Чех улс тийм том, өндөр хөгжсөн улс биш гэлээ ч чех хүмүүс агуу сайхан сэтгэл, зүрхтэй хүмүүс байдаг юм.

Мэдээж, үүний зэрэгцээ бид Европын Холбоо болон НҮБ-ын системийн байгууллагуудаас туслалцаа авдаг.

-Иргэний нийгмийн байгууллага ер нь ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Аль ч улсын Засгийн газар чадах хэмжээгээрээ ажилладаг. Гэсэн хэдий ч Засгийн газрын хүрч ажиллаж чадахгүй орон зай нийгэмд байдаг. Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын үүрэг, зорилго бол тэр орон зайд хүрч ажиллах юм. Би өөрийн улс АНУ-ын жишээн дээр ярья л даа. Манай улсад эрүүл мэндийн салбарт технологи зэрэг бүх зүйл нь өндөр хөгжсөн. Гэхдээ л өнөөдөр америкт олон олон хүн эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж адахгүй байна. Тиймээс сангууд болон төрийн бус байгууллагууд тэр хүмүүст хүрч, шаардлагатай тусламжийг хүргэн ажилладаг.

Нөгөөтэйгүүр, зөвхөн Засгийн газрын хүрч чадахгүй хүмүүст, орон зайд хүрч ажиллахын зэрэгцээ “Энд ийм орон зай байна, та бүхэн энэ асуудлыг орхигдуулаад байна” гэдэг мэдээллийг Засгийн газарт хүргэж ажилладаг. Асуудлын гарцыг хайж, хүний нөөц, санхүүгийн дэмжлэг туслалцааг гаргаж, нөхөж ажиллахад оршдог гэж би бодож байна. Мөн иргэний нийгмийн нэг хэсэг болсон хэвлэл мэдээллийн салбар бол дуу хоолой нь шийдвэр гаргагч нарт, олон нийтэд хүрч чадахгүй байгаа тэр хэсгийн дуу хоолой болж ажилладаг.

Жишээ нь, ковидын үед бид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран ажилласан. Бид эмзэг бүлгийн иргэдэд шаардлагатай тусламжийг хүргээд зогсохгүй, үүсээд байгаа асуудлыг тэдэнд танилцуулж, хариу арга хэмжээг авч ажиллаж чадсан.

-Та монголд ирээд багагүй хугацаанд ажиллалаа. Монголын иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-уудын талаар та юу гэж боддог вэ?
-Юун түрүүнд, олон улсын ТББ-уудын талаар ярья. Манай байгууллага шиг, за мөн НҮБ-ын системийн байгууллагууд шиг томоохон олон улсын байгууллагууд орон нутгийн ТББ-уудад одоо зарцуулж байгаагаасаа илүү их санхүүжилтийг олгох ёстой гэж би боддог. Үүний тулд бид шалгуураа бууруулах хэрэгтэй.

Жишээ нь, миний ажигласнаар монголын ТББ-ууд дөнгөж хөгжиж байгаа, тэдэнд хэлний бэрхшээл тулгардаг, санхүүжүүлэгч байгууллагуудын шаарддаг бүтцээр нь ажиллах хүний нөөц байдаггүй. Тиймээс бид эдгээр хөгжиж байгаа байгууллагуудад санхүүжилт олгох, тэднийг дэмжих ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэж боддог.

Монголын ТББ-ууд болон иргэний нийгмийн байгууллагууд одоогоос 10 гаруй жилийн өмнөхөөсөө харьцангүй хөгжсөн. Ажил явуулах арвин их туршлагатай болж, ихээхэн мэдлэг хуримтлуулсан. Гэвч тэдэнд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байна. Тэдэнд дэмжлэг үзүүлж байж тэд цаашдаа тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болж, хөгжиж чадна. Пипл ин Нийд байгууллагын хувьд цаашдаа илүүтэй зөвлөх үүрэгтэй ажиллах болов уу гэж би харж байна. Тэгж байж монголын ТББ, ашгийн бус байгууллагууд олон улсын санхүүжилтийг хүртэх боломжийг авчрах болов уу.

-Монголын байгууллагуудын хувьд үйл ажиллагаандаа анхаарах зүйл нь юу байж болох вэ?
-Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хувьд санхүүжилт нь нээлттэй, зарцуулалт нь шилэн байдаг. Монголын ТББ-ууд болон иргэний нийгмийн байгууллагууд ч бас тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Монголын зарим ТББ-ууд маш өндөр ур чадвартай, мэдлэг туршлагатай. Тэд зөвхөн монголынх биш, олон улсын байгууллага болох бүрэн боломжтой харагддаг.

Жишээ нь, “Хөгжлийн шийдэл” ТББ байна. Тэд яагаад олон улсын ТББ болж чадахгүй байгаа вэ гэхээр эхний ээлжийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа болов уу. Манай Пипл ин Нийд байгууллагын хувьд Чехийн ард түмнээс санхүүжилтээ авч, олон улсын хэмжээнд ажиллах боломжтой болж байсан. Харин “Хөгжлийн шийдэл” байгууллагын хувьд ийм боломж байхгүй байгаа учир олон улсад үйл ажиллагаа явуулж хараахан чадахгүй байгаа болов уу.

ТББ-ууд мэдээж санхүүжилт авч байгаа талаараа нээлттэй байж, хариуцлагатай байх хэрэгтэй гэж дээр хэлсэн. Хэрэв ийм байж чадахгүй бол санхүүжүүлэгч байгууллагууд нь үл итгэх байдал гарах байх.

Монголын хувийн хэвшлийнхэн ч бас эрх чөлөөт, бие даасан хэвлэл мэдээллийг бий болгох, эсвэл ТББ-уудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой болсон гэж надад харагддаг. Жишээ нь, Наадмыг дэмжиж хандив өгч байснаас ардчиллыг, бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийх нь илүү ухаалаг санагдана. Яахав, наадмыг ивээн тэтгэснээр хүмүүсийг зугаацуулсан гэж тухайн байгууллагадаа суртачилгаа болох давуу талтай байх, гэхдээ одоо бусад хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй.

-Нэг талд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, нөгөө талд иргэний нийгэм, ТББ-ууд байна. Бид хэрхэн хамтарч ажиллаж болох вэ, Та юу гэж бодож байна?
-Энэ миний хувьд хамгийн их эмзэглэж явдаг асуудал. Иргэний нийгмийн байгууллага, ТББ гэдэг нь сэтгүүлзүйгээс тусдаа байдаг зүйл биш. Хэвлэл мэдээлэл бол иргэний нийгэм юм. Монголд анзаараад байхад, энэ хоёр тус тусдаа юм шиг ажиглагддаг.

Үнэн хэрэгтээ, энэ хоёр байгууллага харилцан нэгнээ дэмжиж ажилладаг байх ёстой. Яагаад гэвэл, энэ хоёр хоёулаа Засгийн газрыг хариуцлагатай ажиллахыг шаардаж, сайн засаглал, шударга ёсыг бий болгохын төлөө, олон нийтийн төлөө ижил зорилготой ажилладаг. Хэвлэл мэдээллийн байгууллага шууд олон нийттэй харилцдаг бол төрийн бус байгууллагууд судалгаа, шинжилгээ хийдэг. Тиймээс төрийн бус байгууллагуудын хийж байгаа судалгаа, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг хийх ёстой юм болов уу гэж боддог.

Энэ хоёр байгууллага нэг эко систем, ардчиллын дөрөв дэх засаглалыг хамтдаа бий болгодог гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд тухайн орон нутаг, иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой мэдээлэлд илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй байх. Харин нөгөө талаасаа иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгож, мэдрэх ёстой болов уу. Хэрэв иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахгүй бол өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хийсэн судалгаа зэргээ хэрхэн олон нийтэд хүргэх вэ? Иргэний нийгмийн байгууллагууд өөрийн сошиал хуудсуудаараа мэдээлэл хүргэлээ гээд хэчнээн хүнд ч хүрэх билээ дээ. Илүү олон хүнд хүргэхийн тулд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй хамтран ажиллах нь бидний үүрэг юм.

-“Пипл нин Нийд байгууллага цаашид Монгол Улсад ямар бодлого, зорилттойгоор ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид цаашид Монгол Улсад гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилттой. Нэгдүгээрт, хүмүүнлэгийн хямралын үед дэмжлэг туслалцаа үзүүлэх, хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, инновацийг дэмжих, гуравдугаарт иргэний нийгмийг дэмжих гэсэн ийм гурван зорилт байна. Бид саяхан Civil Society Now гээд шинэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Яг ийм нэртэй вэбсайт бас байгаа. Монголын төрийн бус байгууллагуудад шаардлагатай техникийн зөвлөмж, мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, People In Need-д байгаа бүх бололцоог ашиглах боломжтой. Гэхдээ гишүүнчлэлийн багахан төлбөртэй.

-Арай өөр сэдвээр хоёр асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе. Украинд болж буй дайнд Пипл ин Нийд байгууллага ямар тусламж дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Украинд болж буй Оросын өдөөсөн дайны үеэр хүмүүнлэгийн хамгийн өргөн хэмжээний туслалцааг үзүүлж байгаа байгууллагын нэг нь Пипл ин Нийд юм. 2014 оноос хойш манай байгууллага Украинд үйл ажиллагаа явуулж байгаа. Дайн эхэлсэн цагаас хойш 25 мянган гэр бүлд тусламж үзүүлсэн. Нийт 17 удаа тусламж үзүүлсэн. Украинаас дүрвэсэн дүрвэгсдэд бид санхүүгийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байна. Мөн бид сэтгүүлчдийг ч дэмждэг. Бид 2019 онд ОХУ-д үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Яагаад гэвэл манайх хүний эрх, ардчилал, сэтгүүлзүйг дэмжиж ирсэн учир манайхыг Оросод хориглосон байгаа.

-Монголчуудын хувьд дайнаас дүрвэгсэдтэй ажиллаж байсан туршлага байхгүй. Гэтэл сүүлийн үед ОХУ-аас иргэд олноороо манай улсын хилээр нэвтрэх боллоо. Энэ тал дээр Та юу гэж бодож байна?
-Засгийн газар энэ хүмүүсийг монголд орж ирэхийг зөвшөөрсөн. Энэ нь тухайн хүмүүсийг албан ёсоор бүртгэж, тоог нь авах боломжийг бий болгох юм. Харин хилээ хаачихвал гарцгүй байдалд орсон хүмүүс хууль бусаар орж ирнэ, хэдэн хүн байгаа нь мэдэгдэхээ болино, ингэснээр гэмт хэрэгт холбогдох эрсдэл ч нэмэгдэнэ. Тэгэхээр яг одоо Засгийн газрын авч байгаа арга хэмжээг сайшаамаар байна. Маш сайн ажилласан гэж хэлмээр байна. Харин одоо Оросоос орж ирж байгаа хүмүүсийн хэрэгцээ болон эмзэг байдлын судалгаа хийх хэрэгтэй болов уу. Настай хүмүүс үү, хүүхдүүдтэй юу, орлогын ямар түвшинтэй хүмүүс байна, монголыг дамжин өнгөрөх зам болгож байна уу, эсвэл цаашдаа байх уу гэх зэргээр.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольц нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольц нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.