/2022.09.29/: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд төр өмчөө буцааж авсны дараа үүсээд буй асуудлын талаар ярив.
Сүүлийн саруудад буюу төрийн өмчит менежментэд шилжсэн 2022 оны дөрөвдүгээр сарын 16-наас хойш ҮЭ-ийн хорооны гишүүд, байгууллагыг гүтгэсэн, доромжилсон, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон явдал болж байна. Тиймээс ҮЭ хороо нь Монголын эрчим хүч, геологи уул уурхайн салбарын ҮЭ-ийн холбоонд хандан хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгаа юм.
2014 онд концессын гэрээгээр ажилласнаас хойш манай ажилчдын цалин, нийгмийн асуудал шийдэгдээгүй. Энэ үед концессын гэрээний удирдлагууд 1,200 ажилтанд мэдээлэхдээ таван жилийн хугацаанд 1,000 гаруй ажлын байр бий болгож, цалинг 3-4 дахин буюу дундаж цалинг 2.5 саяд хүргэнэ хэмээн амлаж байв. Үүнээс хойш найман жил болж байхад ажилчдын цалин буурсан. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээг 2013 онд сард 5,800-6,500 хийж байсан бол 2016 оноос хойш буюу төрийн өмчид өгөхөөс өмнө 1,100 хийж байсан юм. Үүнээс харвал хийснээрээ цалинждаг байсан ажилчдын цалин 3-4 дахин буурсан гэсэн үг.
2013 оны сүүлээр зургаан тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад концессын гэрээнд хүлээлгэж өгч байсан. 13 дахь улирлын шагналт цалинг жил бүр авдаг байсан. 2019 он хүртэл ашиггүй ажиллалаа гэсэн шалтгаанаар жилийн үр дүнгийн шагналт цалинг авч чадаагүй.
Ажилчид хамтарч 6-8 сар хөөцөлдөж байж цалингаа нэмэгдүүлж байв. Гэвч үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн бус явагдаж, тогтмол цалинтай ажилчдын цалин нэмэгдсэнээс биш хийснээрээ цалинждаг хүмүүсийнх нэмэгдээгүй. Уул уурхайн салбарын хэмжээнд үнэхээр харамсалтай бага цалин авч байгаа. Ажилчид үүнд санал гомдлоо ирүүлдэг.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ныг хүртэл үйлдвэрт чөлөөний хуудас гэсэн хууль бус хэвлэмэл хуудас дээр ажилчдыг хүчээр гарын үсэг зуруулж, цалингүй сул зогсоосон. ҮЭ хороо ажилчидтайгаа хамтраад хэвлэлийн бага хурал хийж, шүүхээр явсны дүнд сул зогсолтын мөнгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөг авч, НДШ-ийг тасралтгүй төлүүлсэн. Үүнээс хойш 2019 он хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн бус байсан.
2015 онд уурхайн ажилчид гурван сар, Төмөртэйн уурхайн ажилчид мөн сул зогссон. Энэ үед хамтын гэрээний дагуу сул зогсолтын мөнгийг олгоогүй, хууль зөрчсөн.
2018 онд Төмөртолгойн уурхайн ажилчид хоёр сар сул зогссон. Мөн сул зогсолтын мөнгийг олгоогүй. Маргаан үүсгэж, зуучлагч арбитраар шийдүүлж байсан. 2018 оны долдугаар сард Төмөртэйн уурхайн ажилчид нэг сар сул зогсож байсан юм. Эндээс харахад дөрвөн жилийн хугацаанд концессын гэрээ биелэгдээгүй. Үйлдвэрлэлийн жигд ажиллагаа зогсож, ажилчдын нийгмийн асуудал шийдэгдээгүй гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн 650 орчим ажилчин түрээсийн байранд амьдарч байна. Төрийн өмчит компанийн менежментэд шилжсэнээс хойш буюу 2021 оны долдугаар сард нийгмийн асуудлыг захиргаанд тавьж орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүлэх шатандаа явж байна. Газрын асуудал шийдэгдэж, 800 айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа явагдаж байна хэмээн Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн ажилчин, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл ярилаа.
Тэрбээр цахим сүлжээнд манай компанийн талаар явж байгаа мэдээлэлд "Нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээг хууль бус, хүчээр хийж байгаа гэсэн хуурамч мэдээлэл гарсан. Хоёрдугаарт ажилчдыг олноор нь буюу 30 хүн халсан, нэмж хална гэсэн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлж байсан. Эдгээр 30 хүний тухайд тайлбарлахад 28 нь захирлын тушаалаар тусгай нөхцөлөөр 2.5-4.2 сая төгрөгийн цалин авдаг байсан. Төрийн өмчит компанид тусгай нөхцөл байхгүй гэж үзэн чөлөөлсөн. Зарим орон тоо хэмнэлтийн горимын дагуу хумигдсан. Хөдөлмөрийн гэрээг хүчээр хийгээгүй, энэ талаар гомдол гаргасан ажилчид алга" гэв.
Манай хамт олныг өрөнд оруулчхаад, дахин үйлдвэрлэл явуулах, жигд ажиллагааг хангахад бодит нөхцөл хүнд байгааг Захиргааны мэдээллүүдээс авсан. Иймээс ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа.
"Кью-Эс-Си" компанид албан ёсоор хэлье. Найман жил концессын гэрээгээ биелүүлээгүй, ажилчдын нийгмийн асуудал цалинг уул уурхайн салбарын хэмжээнд хүргээгүй, шүүхээр явж байж сул зогсолтын мөнгөө авсан нөхцөл байдалд хүргэж, бидний эрх ашгийг хохироосоор байсан тус компани цааш нь биднийг битгий хохироогоочээ, өөрсдөө авсан мөнгөө хуулийн дагуу төлөөчээ хэмээн ажилчдынхаа дамжуулсан үгийг хүргэж байна" гэлээ.
Цалин бага учир 2014 онд 111, 2015 онд 121, 2016 онд 82, 2019 онд 138 ажилчин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэмээн танилцуулав.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн төслийн мэргэжилтэн "Манай төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид бүх үнэнийг хэлэх хүмүүс. Манай үйлдвэр төрийн өмчид очсоноор ажилчдын нийгмийн асуудал, эрх ашиг дээшилж байгаа. Бид жирийн ажилчид, улс төрийн нөлөөлөл байхгүй. Үйлдвэрийнхээ ажилчдын нэрийн өмнөөс шударга байя гэж үзэж байгаа. "Кью-Эс-Си" компани 2014-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл төрийн өмчит Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан байдаг. Төрийн удирдлагууд ирээд Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын шалгалтууд орсон. Энэ үеэр олон зөрчлүүд илэрсэн. Үүнээс гадна сахал Эрдэнэбилэгийн төлөөллийн хүн Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Батшугар нар бүлэглэл болсон уу, тохироо хийсэн нь мэдэгдэхгүй гэх мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй үйлдвэрийг зогссон нэрийдлээр өөрийн хүнээ тавихаар завдаж байгаа гэх буруу ташаа мэдээллийн эсрэг бид энд ирсэн юм.
"Кью-Эс-Си" компани төмөрлөгийн үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж болон барьцаанд тавьж болох бүх эд хөрөнгийг ХХБ-нд барьцаанд тавьж тэр үед 438 тэрбум төгрөг, доллароор бол 80 сая доллар бас зээлсэн байсан. Эдгээр зээлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр авсан. Үүнээс 168 тэрбум төгрөг нь манай данснаас "Кью-Эс-Си" компанийн данс руу өдөртөө, 80 сая доллароос 69 сая нь өнжөөд өдөртөө шилжсэн байдаг. Үүнээс цааш зээл авсан болон хүүгийн төлбөртэй нийлээд 500 гаруй тэрбум төгрөгийн өртэйгөөр төр авсан. Мөн төр авахад татварын 122.7 тэрбум төгрөгийн өр үлдээгээд явсан. Концессын гэрээгээр тухайн компани татвар, өр төлбөрийг өөрөө хариуцах ёстой. Гэтэл татварын болон банкны зээлийн хүү, төлбөрийг төлөөд явж байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад шүүхэд хандсан.
Концессын гэрээг гол цуцлах болсон шалтгаан нь анх гэрээ хийхдээ Монгол Улсад гангийн үйлдвэр барина гэсэн байдаг. Гэтэл одоо хүртэл гангийн үйлдвэрийн ширхэг ч шон зоогдоогүй, газар нь тал дутуу байж байна. Гэрээнд тусгагдаагүй олон ажлуудад банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад улсад зарсан асуудлууд байна. Үүнд Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид бид дуугүй байж чадахгүй" хэмээн ярилаа.
Төмөрлөгийн үйлдвэрийг төр авсан шиг аваад үйлдвэрийг минь тайван байлгаж өгөөч гэж хүсэж байна. Бид тайван ажлаа хиймээр байна гэв.