Э.Өнөржаргал: Давсны хэрэглээ их байгаа нь цус өтгөрөлтөд нөлөөлдөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Өнөржаргал: Давсны хэрэглээ их байгаа нь цус өтгөрөлтөд нөлөөлдөг

Сүүлийн үед залуусын дунд цус өтгөрөх, цусны даралт ихсэх нь их болсон. Цусны даралт ихсэх нь цус харвалтад ч хүргэх эрсдэлтэй байдаг. Бид энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн их эмч Э.Өнөржаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үед залуусын дунд цус өтгөрөл, цус харвалт их болсон. Тэгвэл хүн цусаа өтгөрсөн байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ? Цус өтгөрсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Бид шинжилгээ өгөхдөө эсвэл дусал хийлгэхдээ цусаа хараад шууд өтгөн байна гэж дүгнэж хэлэх нь өрөөсгөл ойлголт. Цусны шинжилгээн дээр хэд хэдэн өөрчлөлт харагдаж цус өтгөрч гэж дүгнэлт өгдөг.

  • Улаан эс ихсэх /архаг тамхидалт, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдал/
  • Сийвэнгийн бүтцийн өөрчлөлт /Эмгэг уураг, системийн эмгэг/
  • Бүлэгнэлт ихсэх /Чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг үрэвсэл/
  • Ялтас ихсэх буюу цагаан эс гэх мэтчилэн цусний эсүүд болон сийвэнгийн харьцаа алдагдахад цус өтгөрч болдог.

-Цус өтгөрөлтөд юу нөлөөлж байна вэ?

-Цус өтгөрөхөд маш олон зүйл нөлөөтэй. Давс их хэрэглэдэг хүний хувьд таргалалт, хаван их байдаг. Учир нь шээс бага гадагшлаад биед шингэн ихээр хуримтлагддаг. Мөн таргалалт нөлөөлдөг. Нүүрс ус их хэрэглэж, дасгал хөдөлгөөн бага хийсэнтэй холбоотойгоор таргалж, цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Мөн нойр гэдэг зүйл маш чухал. Нойроо маш сайн авч байж бие махбодь эрүүл тайван байснаар даралт хэвийн байдаг. Ер нь давс их хэрэглэх, тамхи татах, архи уух, цусан дахь сахар их байх, шингэн зүйл ус бага уух, дааврын эмчилгээний үед, хэт таргалалт, агаарын бохирдолтой орчинд амьдрах гэх мэтчилэн амьдралын буруу хэв маягтай холбоотой болон эрхтэн системийн өвчнүүдийн үед цус өтгөрдөг. Хооллолтондоо маш сайн анхаарч, олон төрлийн эслэгээр баялаг хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Энэ маань эргээд хүний бие махбодь дахь холестрин буюу хэт их өөх тосыг тодорхой хэмжээнд гадагшлуулах, багасгах үүрэгтэй байдаг.

-Цус өтгөрөлт ихэвчлэн ямар хүмүүст тохиолдож байна вэ?

-Халдварт өвчин туссаны дараа, архаг хууч өвчтэй, амьдралын буруу хэв маягтай хүмүүст түлхүү тохиолдоно.

-Архи тамхи хэрэглэдэг эсвэл гэр бүлийн гишүүн нь тамхи татдаг дам тамхидалтад өртдөх нь цус өтгөрөх шалтгаан болох уу?

-Мэдээж хорт зуршил бол тэр чигээрээ л бие махбодыг хордуулж тэр дундаа цусыг өтгөрүүлэх том шалтгаан болдог. Тамхи татдаг хүний хажууд байхад хүртэл цус өтгөрөх шалтгаан бий болно.

2 хүн, зогсож буй хүмүүс, эмнэлэг ба дотор нарын зураг байж магад

-Иргэд цус өтгөрлөө гэж саримстай тариа, аспирин, озоны эмчилгээ зэргийг хийлгэдэг. Энэ аргууд хэр үр дүнтэй вэ? Ингэж болох уу?

-Озон эмчилгээтэй холбоотой манай улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан дүрэм, журам байдаггүй. Учир нь тус эмчилгээтэй холбоотой сөрөг нөлөө багагүй илэрсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс нотолгоо хангалтгүй гэж үздэг. Хүн болгон хийлгэж болох эмчилгээ биш гэсэг үг. Ямар нэгэн өвчний үед эмчийн заалтаар үр дүнг сайжруулах зорилгоор бол олон улсад хэрэглэдэг. Манай улсад үүнтэй холбоотой дотооддоо хийсэн судалгаа байдаггүй. Сармисны дусал мөн адил хүссэн хүн бүр хийлгэхэд хэцүү. Ямар нэгэн хариу урвал өгч болзошгүй. Эмчийн хяналтан дор заавал эмнэлэгт хийлгэх хэрэгтэй. Иргэд гадуур хувиараа авч гэртээ хийлгээд байдаг. Энэ маш буруу.

-Корона вирусын халдвараар өвдсөн болон вакцин хийлгэсэн хүн цус өтгөрөх тохиолдол их болж байна гэх мэдээлэл явах болсон. Ковидын халдвар болон вакцин нь цус өтгөрөх шалтгааны нэг болох уу?

-Халдварт өвчнүүдийн үед цус өтгөрдөг судасны нэвчимтгий чанарын ихэсгэдэг гэсэн үг. Яг вакцин хийлгээд цус өтгөрөөд байгаа гэдэгт судалгаа байхгүй учраас таамгаар хэлэх боломжгүй. Ковид туссаны дараа бол цус өтгөрдөг нь үнэн.

-Цус харвалт гэж чухам яг юу юм бэ?

-Цус бол шингэн эрхтэн шүү дээ. Мэдээж судсан дотуур явж зөөгддөг. Тэгвэл тэрхүү судасны бүрэн бүтэн байдал алдагдах, даралт ихсэх, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх үед тэрхүү цус судасны хананаас гарч байгааг тархинд цус харвалт гэдэг.

-Үүнд юу нөлөөлдөг вэ?

-Даралтаа мэдэхгүй, хянахгүй эмээ тогтмол уухгүй хүмүүст илүү тохиолддог. Мөн гэмтэл, төрөлхийн шалтгаантайгаар судсанд цүлхэнтэй байж болно. Энэ нь гэмтэл эсвэл даралт ихсэх үед хагарч цус харвалт үүсдэг. Даралтаа мэддэг байх хэрэгтэй. Даралт их байдаг бол эмчийн заавраар даралтны эмээ байнга авч уудаг байх хэрэгтэй.

-Цусаа хэрхэн шингэлэх ёстой вэ?

-Шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Усаар л шингэнээ нөхөж чадна. Тэр дундаа шүлтлэг ус уувал бүр л сайн. Давсны хэрэглээгээ хянах. ДЭМБ зөвлөсөн 5гр-аас ихгүй давс хэрэглэх хэрэгтэй гэдэг. Гэтэл манайхан 2-3 дахин их давс хэрэглэдэг. Биеийн жингээ хянаж хэвийн жинтэй байх чухал. Ханасан өөх тос бага хэрэглэх, цусан дахь сахараа хянах, сайн унтаж амрах, бухидахгүй тайван байх зэрэг чухал.

-Цус харвалтын үед ямар арга хэмжээ авах вэ? Цус харвалт өгч байгаа хүнийг хэрхэн мэдэх вэ?

-Цус харвалт өгөхийн өмнө хүнд өөрт нь мэдэгддэг. Хяналтаа алдана, мартаж санана, дүүнгэтэнэ, уймарна, үйлдэлээ хянахаа больж ирдэг. Яаралтай 103 дуудах эсвэл өөрсдөө яаралтай эмнэлэг явна. Жилдээ 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орж байх чухал. Хамаатан саданд харвалтаар хүн нас барж байсан бол заавал үзүүлнэ удамших хандлага байдаг. MRI хийлгэж үзэх хэрэгтэй маш нарийн үзүүлэлт судаснууд харагдах боломжтой.

Нэг удаа гэнэт илрээд нас барах тохиолдол бараг байдаггүй. Ер нь өмнө нь тодорхой хэмжээгээр шинж тэмдэг илрээд даралт нь ихэсдэг, хуян нь хөөрдөг, амьсгал давчдах, зүрхний хэм алдагдах гэх мэт маш олон шинж тэмдэг илэрчихсэн явж байдаг. Тухайн хүн үүнийгээ тоохгүй явснаас болоод гэнэтийн цус харвах тохиолдол их байдаг. Тиймээс ямар нэгэн зүрх судасны зовуурь илэрвэл заавал эмчид хандаарай.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Монгол, Беларусийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол, Беларусийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.