/2022.09.06/: Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид өчигдөр болсон газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдсан тухай Хятадын CCTV мэдээлэв.
Сычуань мужийн нийслэл Чэнду хотоос баруун өмнө зүгт 13:00 цагийн орчимд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 10 километрийн гүнд болсон байна.
Газар хөдлөлтийн голомт 100,000 орчим хүн амтай Кандинг хотоос зүүн өмнө зүгт 43 км-ийн зайд байсан гэж АНУ-ын ГХУСАЗС-ийн мэдээлэв.
Мөн дор хаяж 50 хүн шархдаж, 16 хүн сураггүй алга болсон гэж CCTV мэдээлэв.
Ойролцоох бүс нутгийн сая гаруй оршин суугчид газар хөдлөлтийн дараа дунд зэргийн чичирхийлэлд өртсөн байна.
Хятад улс 3-р түвшний онцгой байдлын хариу арга хэмжээг идэвхжүүлж, аврах багийнхныг газар хөдлөлтийн голомттой ойролцоох Лудинг дүүрэгт илгээсэн гэж Хятадын Төрийн зөвлөл мэдэгдэв. Хятадын CGTN телевизийн мэдээлснээр аврах албаныхан газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний гулгалтаас болж боогдсон замуудыг цэвэрлэхэд тусалж байгаа аж.
84 сая хүн амтай Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болохоос өмнө маш халуун зун нүүрлэсэн байв. Сүүлийн хоёр сарын хугацаанд тус муж ган гачиг болон сүүлийн 60 жилд тохиолдож байгаагүй их халуунд нэрвэгджээ.
Далайд гарцгүй газар нь Сычуаны уулсаар үргэлжлэх Лангменьшань хагарлаас болж газар хөдлөлтөд өртөмтгий байдаг.
2008 онд Сычуаньд болсон 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт нь тус улсын хамгийн их сүйрлийн нэг байв. Бараг 90,000 хүн амь үрэгдэж, 1450 гаруй километрийн зайд орших хотуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Өнгөрсөн жил Сычуань мужид 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн амиа алдаж, 60 хүн шархадсан гэж тухайн үеийн төрийн хэвлэлүүд мэдээлж байжээ.
Эх сурвалж: CNN