“Индэр” булангийн энэ удаагийн дугаарт “Үнэн хатамж” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяатай ярилцлаа.
Төсөв хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх гээд бүх шатанд хяналт тавьж, иргэдийн дуу хоолойг хүргэн ажилладаг тус байгууллагын талаарх ярилцлагыг хүлээн авна уу.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ...
-Байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?
-“Үнэн хатамж” ТББ 2011 анх Батхуяг, Туяа, Оюунбадам, Сайнзаяа гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр хууль ёс, шударга үнэнийг эрхэмлэж, иргэдийн хуулийн мэдлэгт хувь нэмэр оруулна гэсэн зорилготойгоор байгуулагдсан. Ингээд иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, хуулийн хэрэгжилт тал дээр анхаарч ажиллаж байсан. Тэргүүн маань Р.Оюунбадам гэж хүн бий. Миний хувьд байгууллагынхаа Гүйцэтгэх захирал нь. Өөрөө эдийн засагч хүн болохоор сүүлийн жилүүдэд манай байгууллага төсвийн хяналт дээр анхаарч ажиллаж байна. Хуулийн хэрэгжилт, тэр тусмаа Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд бүх төрлийн хуулийн хэрэгжилт нь үнэн зөв байгаасай, ард түмэнд хүрдэг байгаасай гэсэн зорилгоор л ажилладаг.
-Танай байгууллага хэчнээн ажилтантай вэ?
-Төрийн бус байгууллага болохоор төсвийн менежер, хуулийн менежер, гүйцэтгэх захирал, санхүүгийн асуудал хариуцагч тогтмол ажилладаг таван хүнтэй. Төрийн бус байгууллага тогтмол орлогогүй учир ийм цөөн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ төсөл авсан тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээгээр хүмүүс ажиллуулдаг.
-Танай байгууллага төсвийн хяналт хийж, санал өгдөг гэсэн. Тухайлбал ямар саналууд өгч байсан бэ?
-Маш олон санал өгсөн. Онцолж дурдвал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотод Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төслийн эхний ээлжийн шугамын санхүүжилтийг шийдвэрлэх 1,6 тэрбум төгрөгийн зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэж байсан. Энэ үед манай байгууллагаас "Монгол Улсыг өрийн дарамтанд эргэлт буцалтгүй оруулах, үндэслэл, тооцоо муутай төсөл" гэсэн үндэслэлээр эсэргүүцсэн. Харин “Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 565.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг дэмжиж байна” гэж саналаа өгсөн.
Мөн нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно гэсэн саналыг эсэргүүцэж байна.
Хувь хүнд асуудал шийдэх хэмжээний мөнгө очихгүй ч, нийлбэр дүнгээр улсын төсвийг үр дүнгүй зарцуулах төсөв. Мөн 2022 оны төсвийн төсөлд “Ирээдүйн өв сан”-г төсөвт нэгтгэж, хүүхдийн 100 мянган төгрөг өгөх асуудлыг эсэргүүцсэн. Энэ бол бид 2030 он хүртэл гар дүрэх ёсгүй сан. Үүнийг олон нийтийн сувгуудаар иргэдэд уриалсан боловч үр дүнд хүрээгүй. Гэхдээ өгсөн санал бүр үр дүнд хүрэхгүй ч олон жил санал өгөөд байхад сүүлдээ мэддэг, саналыг маань анхаарч хардаг, хэлэлцдэг, тусгадаг болно.
-Төсвийн хяналтаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг уу?
-Олон жил “Төсвөө хянах ёстой шүү” гэж ярьсан болохоор төсвийн талаар сургалт явуулдаг, өөрийн гэсэн сургалтын модультай болсон. Хамгийн сүүлд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд “Авлигын эсрэг бодлого үйл ажиллагаа” сэдэвт сургагч багш нарыг чадавхжуулах сургалтанд “Төсөв- иргэний хяналт” сэдэвт сургалтыг цагдаагийн байгууллагын албан хаагчдад орсон. Сургалт маань ерөнхийдөө төсөв гэж юу болох, төсвийг хэрхэн хянах, бас хэрхэноролцох яаж ажиглах гэх зэрэг өргөн агуулгатай. Хамгийн анхан шатны “Төсөв гэж юу вэ, яагаад төсөвт иргэд оролцох ёстой, яагаад хүн болгонд хамаатай вэ, хүмүүс хяналт тавих ёстой вэ” гэсэн тал дээр ч бас сургалт бий. Мөн Шилэн дансны тухай, Худалдан авах ажиллагааны тухай хуулиудын талаарх сургалт ордог.
ТӨСӨВ ЯАГААД ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ ВЭ?
-Төсөв хүн бүхэнд хамаатай гэдэг ойлголтын хамгийн энгийн тайлбарыг хэлж өгөхгүй юу?
-Ажил хийдэггүй, ажил хийсэн ч татвар төлдөггүй хүмүүс төсвийн мөнгөний зарцуулалтыг өөрт нь хамаагүй гэж бодож, тоодоггүй. Гэтэл хүүхэд нь хүртэл дэлгүүрээс нэг бал худалдаж авахад 10 хувийн татварыг нэмж төлж байгаа. Хүн бүхэн ингэж хувь нэмрээ оруулж, төсөвт мөнгө хийгээд байгаа мөртлөө өнөөх мөнгийг нь хэдхэн хүн дур зоргоороо цацаж, хүссэн юмаа хийгээд дуусгаж байхад анхаарал тавихгүй байж болохгүй л дээ. Бидний цуглуулсан мөнгө алга болоод, бидний амьдрал муудаад байгаа бол нэг талаар бид өөрсдөө буруутай болж таарна.
Яагаад гэвэл өөрсдийнхөө цуглуулж хуримтлуулсан мөнгийг огт анхаарч харахгүй, хэдэн хүнийг “Мэдээд зарцуулаарай” гэчхээд эргэж харахгүй, тоохгүй байвал тэр хүмүүс чинь дур зоргоороо ажиллаад эхэлнэ.
Улсын төсөв гэхээр хүмүүс өөрсдөд нь хүртээлгүй, нэг л тийм хол юм бодоод байдаг. Тэгээд их энгийнээр буулгаад хүмүүст хэлээд өгөхөөр хяналт тавих хэрэгтэй юм байна гэдэг.
-Дүүрэг, хорооныхоо төсвөөс эхлээд хянах боломжтой биз дээ?
-“Орон нутгийн хөгжлийн сан” гээд иргэд өөрсдөө мэдэж зарцуулах ёстой мөнгө бий. Өөрийнх нь гэрийн хажууд, гудамжинд явган зам байхгүй бол, хүүхдийн тоглоомын талбай үгүй бол тэдгээрийг барьж байгуулахад зарцуулах ёстой мөнгийг улсаас төсөв гаргаад өгчхөж байна. Гэтэл хүмүүс саналаа огт өгөхгүй бол өөрсдөө л хохирно. Саналаа цахим хуудсаар, саналын хуудсаар гэх мэт олон янзаар өгөх боломжтой болнож аль болох хүнд ойртуулаад байхад иргэд саналаа өгөхгүй нь олонх. Тэгээд дараа нь “Манай гэрийн гадна явган хүний зам алга, хүүхдийн тоглоомын талбай алга, ногоон байгууламжгүй” гэж гомдоллодог. Яг хэрэгтэй үедээ та уг нь саналаа өгөх ёстой юм.
-Уг нь тухайн цаг мөчид нэг л удаа оролцоод саналаа өгчих боломжтой юу?
-Тийм. Мөн дэмжигдсэн санал нь тэр хавьд байгаа хүмүүсийн өгсөн санал үнэхээр мөн үү гэдэг дээр бас хяналт тавих боломжтой. Зөвхөн анх санал өгөх биш, дараа нь хийгдэж байгаа явцад нь барьж байгаа зүйл нь төсөвлөсөн бүх мөнгөөрөө хийгдэж байна уу гэдэг дээр хянаад, дараа нь тэр ажил нь зориулалтын дагуу байна уу, хүлээлгэж өгсөн байна уу гэдгийг хянах боломжтой. Ингээд хяналтаа тавиад сурчихвал таны орчны амьдрал чинь танаас шалтгаалаад өөрчлөгдөх боломжтой. Хамгийн анхан шатны төсвийн хяналт чинь эндээс эхэлж байгаа юм. Цаашлаад хот, аймаг, улсын төсөв гээд явбал таны оролцоо хангагдана. Энэ бол нийгмийн хөгжилд оролцох иргэний оролцоо, үүрэг юм. Хэрэв бидний амьдрал сайхан, хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт ордоггүй, гараад суучих ногоон байгууламжтай, хүүхдээ түрээд явахад зам нь сайхан байдаг бол хүн бүр ингээд байх шаардлагагүй. Өмнөх амьдралаа хараад явахад болж байгаа юм. Гэтэл өнөөдөр бидэнд тийм сайхан нөхцөл бололцоо алга. Түүнийг бий болгохын төлөө бид одоо л хичээхгүй бол хүүхдүүд маань яг л адилхан амьдрах болно.
-Саяхан фэйсбүүкээр ямар ч хамаагүй газар гүүр тавьчихсан зургийг шүүмжлээд байсан. Үнэндээ тэр гүүрийг тавьсан албан тушаалтнуудын буруу байгаа боловч тэнд гүүр барихаас нь эхлээд дуусан дуустал нь өөрт нь огт хамаагүй юм шиг харж байсан хүмүүс бол тэндхийн оршин суугч нар шүү дээ. Тэд ч бас буруутай л юм байна.
-“Орон нутгийн хөгжлийн сан”-аар баригдаж байхад нь л хүмүүс ерөөсөө саналаа өгөөгүй байна шүү дээ. Энэ зөвхөн өнөөдөр таны эргэн тойрны асуудал биш, таны үр хүүхдэд үлдэж байгаа, цаашлаад манай эх орны сайхан, муухай байх тухай асуудал. Одоо байгаа энэ амьдралд бүхлээр нь өөрчилж болох хамгийн чухал зүйл нь бид бүх шатандаа төсөвтөө хяналт тавиад сурах хэрэгтэй болоод байгаа юм.
ӨӨРИЙНХӨӨ АМЬДАРДАГ ДҮҮРЭГ, АЙМАГ, СУМ, ХОРООНЫ
ТӨСВИЙГ ХЯНАХ АРГА
-Төсөвтөө хяналт тавина гэхээр яг яаж хяналт тавих юм бол?
-Жишээ нь та нэг сумын иргэн байна тийм үү? Тэр сумд жилдээ Орон нутгийн хөгжлийн сангаар 20-30 сая төгрөг хуваарилагдана. Зарим томхон сумдад нь 40-50 сая төгрөг ч байх боломжтой. Ингээд төсөвлөчихсөн мөнгөөр юу хийх вэ гэдгийг тухайн сумын захиргаа сумын иргэдээ цуглуулаад асууна. Гэтэл сумын иргэд нь цуглахгүй бол юу болох вэ? Тэнд байх нэг сэргэлэн нөхөр ах дүү хамаатан саднаа цуглуулаад “За хэдүүлээ энд нэг жижиг цэцэрлэгт хүрээлэн барьчихъя” гээд баталчихдаг. Тэгээд хэрэгтэй үгүйг үл харгалзаад 30 саяын төсвөөр барина гэж батлаад, яг барихдаа 3 саяар ч хамаагүй барьчихна. Хууль зүйн үүднээсээ бүх зүйл асуудалгүй. Хурлаа хийсэн үү, хийсэн, төлөвлөгөөгөө баталсан уу, баталсан, барьсан уу барьсан. Өөрөөр хэлбэл, сумдын иргэд оролцохгүй хянахгүй бол ийм л зүйл болдог.
Эндээс анхан шатны хяналт яагаад тавих хэрэгтэй вэ гэдэг нь гарч ирнэ.
-Сумынхаа хуралд очиж суух хэрэгтэй юм байна. Тэгэхээр Засаг даргын тамгын газар нь бас “Ийм хурал болох гэж байна шүү” гэдгийг ард нийтдээ хүргэх ёстой, тийм үү?
-Хүргэх ёстой. Хэрэв зарлахгүйгээр хурлаа хийсэн бол тухайн баг, сумын иргэд цуглаад “Энэ хурал албан бус шүү” гээд, шийдвэрийг цуцлуулах, хуулийн дагуу хуралдах боломжтой.
Энэ асуудлыг иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцэж байвал иргэн хүн тэр хуралд нь очоод оролцож бас болно, асуулт асуух ч бүрэн эрхтэй. Тэгээд ИТХ-ын баталсан Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын төлөвлөгөө нь танай дүүрэг, аймгийн шилэн дансан дээр тухайн жилийнхээ нэгдүгээрсарын 10-нд шилэн дансанд тавигдах ёстой. Тэрийг хэн ч олоод харчихаж болно.
Тэндээс ер нь танай дүүрэг, аймаг, сум, хороонд ямар ажил батлагдсаныг харж болно. Эсвэл иргэнийхээ хувьд “Орон нутгийн хөгжлийн сан-аар хаана юу хийх гэж байгаа талаар надад хариу өгөөч” гээд албан хүсэлт илгээж болно. Нийтийн мэдээллийн хуулийн дагуу албан хариуг ажлын 5-10 хоногт танд өгөх ёстой. Мөн орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих иргэний бүлэг байгуулж болно.
Та эдгээр мэдээллийг мэдэх эрхтэй, мэдэх хэрэгтэй.
-Иргэд шилэн дансаар яаж орж Орон нутгийн сангийн хөрөнгөөр дүүрэг, аймаг, сум хороонд нь юу хийх гэж байгааг мэдэж болох вэ?
-Жишээлбэл, та Хан-Уул дүүргийн өөрийн амьдардаг хороогоо сонирхож байна гэж бодъё. За тэгвэл шилэн дансны сайт руу нэвтэрч, Хан-Уул дүүрэг рүү орж болно. Энд тухайн жил ХУД-ийн батлагдсан төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө бас байх ёстой. Энэ чинь өнгөрсөн жил батлагдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөө тэр чигтээ бас байгаа. ХУД бас тийм ойлгомжтой биш байна. Тухайлбал, камержуулалт гэж бичсэн боловч яг аль хэсгийг камержуулах гэж байгаа мэдээлэл нь энд алга. Өөр газар байж болох ч энд лав алга.
Сонгинохайрхан дүүрэг шилэн дансаа маш сайн хөтөлдөг.
Мөн хаана, юуг худалдан авах талаарх мэдээллийг нь харж болно.
Улсын төсөв тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-н гэхэд батлагдах ёстой, чадаагүй бол Засгийн газар огцрох үндэслэл ч болно.
Мөн хүүхдүүдийнхээ явдаг сургууль, цэцэрлэгийн шилэн дансыг сонирхож тухайн жил юу худалдан авч, ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгааг нь үзэж болно.
ИРГЭНИЙ ТӨРӨӨС ТӨСӨВ АВЧ АЖИЛЛАХ НЬ
ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ
-Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш гаргасан дэвшилттэй зүйлс зөндөө л байдаг байх. Дурьдвал?
-Улсын төсөв нь Сангийн яам, Засгийн газар өргөн байхад ил тод болдог. Тэр үеэс л бид ажиллаж эхэлнэ. 2018 онд бил үү, Ховд аймаг төв талбайгаа нэг тэрбум төгрөгөөр тохижуулж, том монгол гуталны хөшөө барьсан байдаг. Гэтэл хойтон жил нь дахиад нэлээн их мөнгө оруулсныг нь бид эсэргүүцэн болиулж байлаа.
2020 онд Үндсэн хуулийн цэц таван тэрбум төгрөгөөр байр бариулна гэж санал өгсөн. Бид шалгаж үзээд “Одоо байгаа барилга нь 50 хүнтэй газар хангалттай, 5 тэрбумаар байр барих шаардлагагүй юм байна” гэх саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан. Үндсэн хуулийн цэцийнхэн манай байгууллага руу залгаж “Танайх хэний албан газар вэ? Аль намынх вэ, яагаад манайхыг оролдоод байна. Танайхыг шалгуулна, хаалгана” гэж байлаа. Тэр жилдээ барилга барих асуудлыг хойшлуулж байсан.
Энэ мэтээр бид төсөвт хяналт тавьж ажилладаг.
-Яагаад хуудсуудаа Сайн аудит гэж нэрлэсэн юм бэ?
-Улсын төсвийг бүх шатнаас нь хяналт тавих ёстой төрийн байгууллага нь үндэсний аудитын газар.Харин иргэн бүр бүх шатанд хяналт тавин, сайн сайханд хүрээсэй, төсөв нь тунгалаг, үр дүнтэй, иргэд нь сэтгэл хангалуун амьдрах үндэс болоосой гээд САЙН аудит гэж нэрлэсэн.
-Танай төрийн бус байгууллага төсвөөс санхүүждэг үү?
-Бид чинь төсвөө харж, судалж байгаа хүмүүс шүү дээ. Зарим дүүргүүдэд 50 сая төгрөгийг “Иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажилла” гээд тавьчихсан байдаг. Яамдад ч иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах төсөв байгаа. Гэхдээ энэ мөнгөнд бид хүрэх боломжгүй ээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл манай байгууллага гэхэд ямар нэгэн нам, эвслийн харъяа бус. Ний нуугүй хэлэхэд төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах энэ мөнгийг тухайн мөнгийг зарцуулж байгаа хүний хамаатан садан, тэр намын хамтрагч байгаа хүмүүс л авч байгаа. Миний эргэн тойрны мэдэх иргэний нийгмийн байгууллагууд лав авдаггүй. Бид олон улсын байгууллага, Нээлттэй нийгмийн форумаас төсөл авч ажилладаг.
-Гэхдээ та өөрөө хамтарч ажиллая гэдэг санал тавьж үзсэн юм уу?
-“Бид та бүхнийг хянах гэсэн юм, бидэнд мөнгө өгөөч” гэх нь өөрөө зөрчилтэй асуудал л даа. Тиймээс одоогийн байдлаар “Би танайхтай хамтарч ажиллая, танайх надад мөнгө өгөөч” гэж санал тавиагүй.
-Та бүхний хяналт тавьж ажилладаг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ?
-2022 оны жишээ татъя. Шилэн дансны хуулийн 6.1.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нар тухайн жилийн нэгдүгээр сарын 10-ны дотор шилэн дансны цахим хуудсанд тухайн жилийн батлагдсан төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг тавьсан байх ёстой. Бид тухайн 1 сарын 17-нд нь хэрэгжилтийг нь үзэхээр 30-д хувь нь л тавьсан байсан. Сарын дараа шалгахад 50 хувь нь тавина. Дахиад сарын дараа буюу хуулийн хугацаанаас гурван сарын дараа шалгаад үзэхээр дахиад 15 байгууллага тавиагүй байсан учир бид хуулиа биелүүлэхийг хүссэн хүсэлтийг албан бичгээр 15 ТЕЗ-д илгээсэн. Хариу албаг тоот ирж, утсаар холбогдон, мэдээллүүд ил тод болсон. Манай цахим хуудсуудаар танилцаж болно.
-Хуулийн үүргээ бол хариуцлага тооцдог газар байдаггүй юм уу?
-Хариуцлага тооцдог газар нь Үндэсний аудитын газар. Мөн хуульдаа шилэн дансны хэрэгжилтэд иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих боломжтой. Хуулиараа нээлттэй гэсэн үг. Жишээ нь, энэ жил хэмнэлтийн жил атал Говьсүмбэр аймгаас 300 сая төгрөгөөр машин авна гээд ороод ирчихсэн л байна. Тэр нь батлагдчихсан. Үндэсний аудитын ерөнхий газар нь ч гурван машиныг 600 саяар авна гээд оруулчихсан л байгаа. Тэгээд тавьчихсан тендер нь зарлагдчихсан байгааг ороод харж болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Жич: Та бүхэн Үнэн хатамж ТББ-ын хөтлөн явуулдаг "Сайн аудит" гээд твиттер, фэйсбүүк цахим хуудсуудтай танилцана уу.