
Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч хуралдан УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхээс гаргасан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээсэн.
Үүнийг З.Энхболд өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүйн тулд хийсэн явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн "Хэрэг эхнээсээ зохиомол байсан, ямар ч нотлох баримтгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, УДШ дээр засагдах байх гэж найдсан ч талаар болов. 37 оны хэлмэгдүүлэлт шиг буруу жишиг тогтоож цаашид олон арван мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх үүдийг нээж байна" гэв. Ийнхүү түүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших "мөрөөдөл" талаар болов.
Түүнтэй дөрөө харшуулан АН-ын лидерүүдийн нэг Н.Алтанхуяг горьдлого тасарч буйгаа зарлалаа. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тэрээр "Хэрэг буцна гэдэг нь "ял өгүүл" гэсэн агуулгатай. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд надад хамаарах хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад байна гэж хардаж байна.Таван удаагийн шүүх хурлын гуравт нь цагаадаж, хоёр нь буцсан" хэмээн гомдлоо илэрхийлжээ.
Мөн ИЗНН-аас Ерөнхийлөгчид хүч үзнэ гэдгээ мэдэгдээд байсан философич С.Молор-Эрдэнийг өнгөрөгч есдүгээр сард “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, оргон зайлах эсвэл гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн цагдан хорьсон. Одоогоор хилийн хоригтой байгаа тэрээр шүүх хурлаа хүлээж буй. Түүнийг энэ мэтээр шалгах ажиллагаа үргэлжилсээр байвал Ерөнхийлөгчид өрсөлдөх ямар ч боломжгүй болно.
Магадгүй "Номер 1"-ийн төлөөх өрсөлдөөнд оролцвол ялж ч мэдэх эрхэм бол С.Ганбаатар. "Босоо" хэмээн нэрлэгдэж, ард түмний дэмжлэгийг хэдэнтээ авч чадсан тэрээр мөн л хууль шүүхийн хаалга татсан хэвээр. АТГ авлигын хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн Хөгжлийн банкнаас “Мон-Лаа” ХХК-д олгосон 5.6 тэрбум төгрөгийн зээл, “Land Cruiser 300” автомашинтай холбоотой асуудлууд байгаа бөгөөд түүний Ерөнхийлөгч болох олон жилийн гэгээн "мөрөөдөл" ч мөн энэ удаад талаар болж магадгүй.
Ийнхүү нэр дэвшихээ албан болон албан бусаар мэдэгдсэн улстөрчдийг "хонгилдож" байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дурдсан байдаг. Энэ тухай тэрээр "Эрх мэдлээ хадгалж үлдэх зорилготой эрх мэдэлтнүүд дотроо хэрэлдэж байгаа ч гэсэн шоронд орохгүйн тулд өнгөрсөн жилээс "Ардчилсан намаас Ерөнхийлөгч гаргахгүй юм шүү" гэдэг айдастайгаар 50-аас дээш настай хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага руу татах гэж оролдож байгаа.
Ер нь бол Н.Алтанхуяг нь байна уу, хэн байна уу гэдгээс үл шалтгаалж 10 гаруй жил үргэлжилж байгаа энэ авилга, хулгайдаа идэгдсэн чөтгөрийн тойргийг Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдон тас цохиж, бохирыг нь уудлах цаг болсон...!" гэжээ.
З.Энхболдын зөгнөлөөр бол металлын нэртэй хүн дараагийн Ерөнхийлөгч болно гэх. Энэ нь нэг талаараа түүний өөртөө болон намдаа итгэж буйн илэрхийлэл байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь АН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийн дийлэнх нь металлын нэртэнгүүд байсан ч тэднийг "тас татах" аргаа эрх баригч нам хэдийнэ олсон гэлтэй.
Одоо тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, нэг ёсондоо "хөнгөн ял" авах талаарх улстөрийн "тохироо" хийх зам л үлдэж буй бололтой.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.