
Испанийн төв хэсэгт лхагва гарагт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Энэ нь тус улсад 2026 онд гарсан хүний амь эрсэдсэн хоёр дахь томоохон төмөр замын осол болж байна.
Кастилья-Ла Манча мужийн захиргаанаас ослын улмаас 68 хүн амиа алдсаныг баталж, 58 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг мэдээлжээ. Аврах ажиллагааны багийнхан ослын газарт өдрийн турш ажиллаж, галт тэрэгний сүйрсэн хэсгүүдээс амьд үлдсэн хүмүүс болон амиа алдсан иргэдийг эрэн хайсан байна.
Галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх тушаал осолд хүргэсэн байж болзошгүй
Осол Толедо мужийн нутаг дэвсгэрт, Урда болон Лос-Йебенес хотын хооронд болсон байна. Мадрид хотоос Севиль рүү нэг чиглэлд явж байсан олон зуун зорчигчтой хоёр галт тэрэг мөргөлджээ.
Төрийн өмчит RENFE компанийн галт тэрэг зам дээр зогсож байсан хувийн хэвшлийн IRYO компанийн галт тэрэгний араас мөргөсөн байна. Мөргөлдөөний улмаас IRYO галт тэрэгний сүүлийн хоёр, RENFE галт тэрэгний урд хэсгийн вагонууд замаас гарч осолджээ.
Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнтегийн мэдээлснээр, ослын өмнө төмөр замын 63 километр орчим хэсгийн аюулгүй ажиллагааны систем компьютерын алдааны улмаас доголдсон байна. Үүний улмаас тухайн хэсэгт явж байсан галт тэрэгнүүдийг зогсоожээ.
Гэвч төв удирдлагын төвөөс RENFE компанийн галт тэрэгний хөдөлгөөнийг хурдны хязгаарлалтгүйгээр сэргээх тушаал өгсөн бөгөөд уг галт тэрэг 08:53 цагт зогсож байсан IRYO галт тэрэгтэй мөргөлдсөн гэж сайд тайлбарлав.
Пуэнтегийн хэлснээр, тухайн замын хэсэгт зогсох дохио идэвхтэй хэвээр байсан тул галт тэрэгний хөдөлгөөнийг дахин эхлүүлэх ёсгүй байжээ. Хэрэв хөдөлгөх шаардлагатай байсан ч хурдыг бууруулах заавар өгөх ёстой байсан аж. Тухайн үед галт тэрэг цагт 200 километр хүртэл хурдтай явсан байх боломжтой ч үүнийг албаныхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Тэрбээр галт тэрэгний жолооч нарыг буруутгах үндэслэл одоогоор байхгүй гэж мэдэгдсэн байна.
RENFE галт тэргэнд 397, IRYO галт тэргэнд 147 зорчигч зорчиж байжээ. Ослын улмаас Мадрид, Сьюдад-Реал болон Андалусын хоорондох төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Испанид үндэсний хэмжээний гашуудал зарлав
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ослын газарт очиж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр тус улсад гурван өдрийн үндэсний гашуудал зарлахаа мэдэгдсэн байна.
Санчес өндөр хурдны төмөр замын системд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцолжээ. Түүний хэлснээр, Испани шиг улс нэг жилийн хугацаанд өндөр хурдны төмөр замын хоёр том осолтой нүүр тулж байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй нөхцөл юм.
Испанийн хаан VI Фелипе мөн ослын газарт очсон бөгөөд хааны гэр бүл хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн болон осолд өртсөн бүх хүнд дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгджээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен ч амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Испанийн Хөлбөмбөгийн холбоо лхагва гарагт товлогдсон Испанийн цомын тэмцээний 24 тоглолтыг хойшлуулжээ.
Есөн сарын өмнө мөн галт тэрэгний осол гарч байжээ
Энэ удаагийн осол нэгдүгээр сард Испанийн өмнөд хэсэгт гарсан төмөр замын ослоос ердөө есөн сарын дараа болж байна. Тухайн үед IRYO компанийн галт тэрэг замаас гарч, эсрэг чиглэлд явж байсан RENFE галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 46 хүн амиа алджээ.
Тэр осол 2013 онд 80 хүний амь насыг авч одсон төмөр замын ослоос хойших Испанийн хамгийн олон хүний амь эрсэдсэн осол болсон байна. Харин өндөр хурдны галт тэргэнд зориулсан төмөр замын сүлжээ 1992 онд ашиглалтад орсноос хойш энэ он хүртэл уг сүлжээнд хүний амь нас хохирсон осол гараагүй байжээ.
Испани улс сүүлийн хэдэн арван жилд өндөр хурдны төмөр замын дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулсан бөгөөд өнөөдөр тус улс ийм төрлийн төмөр замын сүлжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байна. Тус улс 49 сая хүн амдаа зориулан нийт 3,900 орчим километр өндөр хурдны төмөр зам байгуулжээ. Энэ үзүүлэлтээр зөвхөн Хятад улс Испаниас илүү том сүлжээтэй юм.
Сүүлийн жилүүдэд Испани төмөр замын зорчигч тээврийн салбарт хувийн компаниудыг RENFE-тэй өрсөлдүүлэх болсон. Италийн хөрөнгө оруулалттай IRYO компани 2022 оноос Испанид үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Харин төмөр замын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Жоан Родригес хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр галт тэрэгний хөдөлгөөний ачаалал өсөж, төмөр замын дэд бүтцэд илүү их дарамт учруулж байгааг анхааруулсан байна. Түүний үзэж буйгаар, зорчигч тээврийн зах зээлийг нээж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төмөр замын засвар үйлчилгээ, арчилгааг шаардлагатай түвшинд хүргэсэн эсэхийг нягтлах хэрэгтэй аж.
Гэхдээ Родригес энэ хүчин зүйл ослын шууд шалтгаан болсон гэж дүгнээгүй бөгөөд төмөр замын сүлжээний ашиглалт нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: AP news
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.