Туйлдаж гүйцлээ!
 

Туйлдаж гүйцлээ!

Дэлгүүр орлоо, махны үнэ дахиад хоёр мянган төгрөгөөр нэмэгджээ. Уг нь зах дээр бол гайгүйхэн үхрийн мах хорин таван мянгад олдох сурагтай. Даанч өдөр болгон зах руу шогшоод байх чадалгүй надад хажуугийн дэлгүүрийн авгайн аманд багтсан үнээр хэдэн бор төгрөгтөө таарсан килограм мах авлаа. Амралтын өдөр дайруулж хэзээ мөдгүй “шар нь” асах дөхсөн машинтайгаа түгжирч түгжирч арай багахан очертой колонк бараадаж цаг гаруй зогсож байж нэг юм дүүргэв. Түгээгчээс сураг сонсвол цаашид улам л хомсдох гэнэ. Махны үнэ бас ялгаагүй ээ. Идэш, цагааны үеэр бүр л нэмэгдэх янзтай. Иргэд таван төгрөгөө наана цаана хүргэх гэж шар махтайгаа сажилж, их хотын амьдралд ажин түжин баргар царайлан зүдэрч бэдэрч байхад тээр дээр, Улсын Их хурал маань бужигнаад л. Төсвөө тодотгож оруулж ирсэн Засгийн газрын хуулийг хэлэлцэх хуулийн хугацаа 5 хоногийн тоолуур заажээ. Энэ хугацаанд хэрэлдээд ч болов баталж чадахгүй аваас ирэх сараас хэдэн багш, эмч нь мөн л цалингаараа дэглүүлэх сурагтай. Зовлонт улсын зовлонт мэдээ дуусахгүй нь гачлантай.

Тасралтгүй 12 жил төр барьсан Монгол Ардын нам гэх аймаар олон гишүүнтэй аягүй олон “лаг” даргатай эрх баригчид маань дотоод томилгоо, бүлэглэл хоорондын тэмцэлдээ улайраад ард биднийгээ тоох янзгүй. Сая бүр гурав, дөрвөн зуугаараа нийлээд Арлын Японд очиж халуун рашаанд тарвалзаж байгаад иржээ. Сайхан л юм. Гэтэл амьдрал нь өдрөөс өдөрт дээрдэх нь бүү хэл дордон, туйлдаж буй хэсэг иргэд аргаа барсандаа зам хааж, жагсах гэж үзжээ. Гэвч эрх баригчид туйлдсан иргэдийн жагсаалыг өнөө л тамын тогооны үлгэрт гардаг 15 толгойтой атгаалжин хар мангасын явуулга болгон, пиардаж үзэгдэх юм. За даа, өмнөх хэд нь ч бас ялгаагүй дээ. Өр зээлэндээ баригдаж эцэстээ төв талбайд өөрийгөө шатааж орхисон хөөрхий залууг “Сиди зардаг гуйлгачин байсан” гэж хэлээд хээв нэг өнгөрөөдөг байсан Төрийн соёл тогтчихсон бололтой.

Бодоод байх нь ээ, хэдхээн жилийн өмнө иргэдийн халаас ингэтлээ үгээгүй хоосортлоо дордчихдоггүй байсан санагдана. Хувийн хэвшилд гайгүй цалинтай нэг нь хүртэл фэйсбүүкт “Давхар хийчих ажил байна уу?, өр зээлнээс зээлийн хооронд, арай ядан амьдарч байна. Үнэхээр барахаа байлаа” гэж учирлан пост бичсэн байх нь олширсоор. Өнөө олон апликэйшн, цалингийн зээлүүдийн уртаас урт өр нэхсэн мессэжүүд иргэдийн утас, и мэйлээр дүүрэн. “Монголбанкны чанаргүй зээлийн санд орно шүү” гэж сүрдүүлэх айлгахын завсар залгаж дарамтлах зээлийн мэргэжилтнүүдийг яалтай.

Эдийн засгийн их хямралын энэ үед хувьдаа хадгаламжтай хүмүүс ч бүр нүдний гэм болж уу гэмээр. Цагдаагийн газрын зарлалын самбарт “Залилагч этгээдүүдээс болгоомжил” гэсэн уртаас урт цуврал зургууд оржээ. Багцаа тоолбол бараг зуу гаруй хүний зураг эрээлжлэх. Эдийн засаг хямрах тусам нийгэмд үйлдэгдэх гэмт хэрэг геометр прогрессоор өсдөг гэх зүй тогтолтой. Үүний л тусгал юм даа. Дээгүүрээ том орд, лиценз, нүүрс мүүрсээ групп, компаниуд нь улстөрчидтэйгээ хуваагдаж аваад шүүх, цагдаагаараа бас талцаж зодолдож булаалдаж байх зуур доогуур нь иргэд нэгнээ өнөө маргаашийн орон байрны түрээс, гар утас, гадаад дотоод явуулах, байрны түрээс, зарах шугамаар гэхчлэн залилан мунхагийн луйвраар гол гаргадаг үзэгдэл хавтгайрлаа. Дэргэдээс нь үзвэл нэг ийм л болоод байгаа юмгүй, бас болох гээд байгаа ч юмгүй баргар царайлсан улс болжээ, бид.

Төр засаг иргэдийн бухимдалд нэг их удаан эрхлээд байхгүй нь лавтай. Туйлдаж гүйцсэн намрын өдрүүд нэг л мэдэхэд шувтарч, утаа, ханиад, түгжрэл, цахилгааны хязгаарлалтаар дэглүүлсэн хөх саарал сүүмгэр хэцүүхэн өвлийн хүндхэн өдрүүд хаяанд буй. Бензин шатахууны хомсдол энэ хэвээр байвал мөн хэцүү еэ. Адаглаад л өөдөсхөн тэрсхэн арван жилийн охид, хөвгүүд жавар тачигнасан тэсгим өвлийн хүйтэнд чихэлдэж, багталцахгүй дүүрсэн автобусанд хаягдаж үлдэхээс эхлээд л мөн ч өрөвдөлтэй. Ахмад настан, хөгжлийн онцлогтой иргэдийн амьжиргаа бүр ярих ч юм биш. Гэр хорооллын нөхцөл байдал өвлийн хүйтэнд даанч нүд хальтирмаар. Цас мөсөнд бүрзийн арзайж сэрзийсэн харанхуй гудамжууд хазгай муруй банзан хашаагаар хил хязгаараа зааглан дүнсийсэн саарал байшин хорооллуудад маргаашийн өр зээлээ бодож унтаад, хэзээ хэн нь угаартаж үхээд хорвоогийн бор өдрийг үзэж чадалгүй над аних бол гэсэн айдастай.

Нүүрсээ хил давуулж зараад л зөндөө мөнгө олоод байгаа гэнэ. Эдийн засаг өмнөх оныхоос төдөн хувиар нэмэгдлээ гээд л. Өрхийн орлого бас дагаад өсчээ гэсэн мэдээ мэр сэр үзэгдэнэ. Тэгээд тэр их эдийн засгийн өсөлт, алт зэс, нүүрс зарсан мөнгө хаашаа ороод байна аа. Өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа талхны мөнгө, таксины үнэ хоёрт лав ямар ч хамаагүй л өсөлт гэдэг нь илт. Эрээвэр хураавар нийгмийн бараан өнгийг захаас нь бодохын төдийд л иргэн надад ийм л бодол төрж байна. Туйлдаж гүйцлээ.

Т.Бат

Хэн нь худлаа ярив | Онтре юу, Г.Дамдинням сайд уу?
Хэн нь худлаа ярив | Онтре юу, Г.Дамдинням сайд уу?
 
АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж эхэлжээ
АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.