
Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумдын нутагт байрлах хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Жавхлант, Шивээ толгой нийт 62,920 га орчим лиценз шилжүүлэх асуудлыг өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганаар О.Батнайрамдал гишүүн анхаарлын төвд оруулав.
Уг лиценз нь Оюу толгойн бүлэг ордын үргэлжлэл хэсгүүдтэй давхцдаг бөгөөд Оюу толгойн бүлэг ордын зэсийн нөөцийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь нь “Онтре”-ийн хоёр лицензийн талбайд хамаарч байгаа явдал юм.
Лиценз одоогоор “Онтрэ” компанийн нэр дээр байгаа. Гэвч Оюу толгой руу шилжүүлэх гэрээ аль хэдийн байгуулагдсан нь анхаарал татаж байгаа юм. Олон улсын арбитрын шийдвэр мөн гараад буй. Түүгээр ч барахгүй “Татварын тооцоо хийгдэж, 24.3 тэрбум төгрөг татвар дансанд орсон” гэж О.Батнайрамдал чуулганаар хэлсэн.
Гэтэл татварын тодорхойлолт гараагүй, лицензийн шилжүүлэг бүртгэгдээгүй байгаа гэх. Үүний зэрэгцээ Засгийн газар “50+1 хувийн өгөөж” ярина гэж мэдэгдэж байгаа бол “Онтрэ” Монголын төрд өөрийн эдийн засгийн өгөөжийн 34 хувийг өгөх, эсвэл түүнтэй дүйцэх роялти төлөх санал тавьсан талаар тайландаа дурджээ.
Өөрөөр хэлбэл энэ нь лицензийн маргаан биш юм. Учир нь асуудал, Оюу толгойн гүний уурхайн ирээдүй, Монголын хүртэх өгөөж, стратегийн ордтой шууд холбогдож байгаад оршино. Мөн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий байгалийн баялгаа хэрхэн хамгаалж, хэдий хэмжээний өгөөжийг хэн хүртэхийг хэн шийдэх вэ гэдэг төрийн бодлогын томоохон шалгуур болж буй. Гэтэл олон нийтэд мэдээлж буй болон компанийн хөрөнгө оруулагчдад өгсөн мэдээлэл, албан ёсны тайлбарууд хоорондоо зөрсөөр байна.
Тухайлбал, өнгөрөгч ням гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Онтре-гийн лиценз шилжээгүй. "Ашигт малтмал газрын тосны агентлаг"-т ийм хүсэлт ирээгүй. Ирсэн ч шилжүүлэхгүй! Хэлэлцээ хийж Монголын тал өгөөжийн дийлэнхийг авах хүртэл энэ лицензтэй холбоотой ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй! Бүх зүйл ил тод байгаа” гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдэл хийсэн.
Харин өнөөдөр Оюутолгойн ордын асуудал эрхэлсэн Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн асан Б.Солонго “Онтрэгийн гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажил урагштай байгааг мөн захидалдаа дурдаж, Г.Дамдинням сайдтай 9 сарын эхээр уулзалт хийсэн гэжээ. Г.Дамддинням сайд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, зэсийн баяжмалаас авах (өсөн нэмэгдэх) нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-аа 3 дахин бууруулах хуулийн төсөл санаачилсан. УИХ батлахад бэлэн болсон. Ерөөсөө Онтрэд зориулсан нь тодорхой болж байна” гэв. Ийнхүү зөрүүтэй тайлбарууд ар араасаа хөвөрсөөр. Онтре асуудал би, чи гэж бие биерүүгээ “бухаж” эхэллээ. Гэтэл баримт өөр зүйл хэлж байгаа.
2024 оны 12 дугаар сард олон улсын арбитрын бүрэлдэхүүн “Entrée Resources”-ийн нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргаж, компанийн мэдээлснээр түүний үндсэн шаардлагуудыг дэмжиж, хариуцагч талуудын сөрөг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар лицензийг Entrée LLC-ээс Оюу толгой ХХК-д шилжүүлэх нь шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн алхам болов. Ийнхүү 2025 оны хоёрдугаар сард “Онтрэ” болон Оюу толгой ХХК лиценз шилжүүлэх гэрээнүүдээ байгуулж, Монголын татварын байгууллагад хүргүүлсэн. Лицензийг шилжүүлэх процесс бодитоор эхэлсэн гэсэн үг. Гэтэл 2026 оны наймдугаар сарын тайлангаар “Онтрэ” татварын байгууллагын шатанд асуудал үүссэнийг мэдэгдсэн. Зургаадугаар сард лицензийн үнэлгээний тооцооллыг дахин хүргүүлсэн боловч зургаадугаар сарын 26-нд Татварын алба холбогдох аргачлал, журмын дагуу материал ирүүлээгүй гэж үзэж, татвар төлсөн гэрчилгээ олгох боломжгүй гэж мэдэгдсэн байна. “Онтрэ” үүний дараа албан ёсны гомдол гаргажээ.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайханы тайлбараар уг мөнгийг татварын алба нэхэмжилж гаргуулаагүй. Харин компани лиценз шилжүүлэхтэй холбоотой татварыг өөрсдөө тооцоолж татварын орлогын дансанд шилжүүлсэн гэжээ. Мөн төрийн эзэмшлийн хувь, эдийн засгийн үр ашгийн тооцоолол бүрэн тодорхой болоогүй тул шаардлагатай татварын гэрчилгээ гараагүй гэж тайлбарласан байна. Ийнхүү лиценз шилжүүлэгтэй холбоотой 24.3 тэрбум төгрөг татварын дансанд орчихсон.
Ийн маргааныг сунжруулах тусам зөвхөн хоёр компанийн хоорондох гэрээний асуудал хэвээр үлдэхгүй. Эдгээр бүх зөрүүтэй мэдээллийн хамгийн том хохирогч нь компани ч биш, Засгийн газар ч биш. Тодорхойгүй байдлын төлөөсийг Монголын ард түмэн төлнө. Тиймээс төрөөс дахин нэг улс төрийн сүржин мэдэгдэл хийх биш бодит ил тод мэдээлэл хэрэгтэй. Эцэстээ баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийн талаарх тохиролцоо ч ард түмний өмнө тодорхой ил тод байх ёстой. Төр 20 гаруй жилийн турш шийдээгүй асуудлаа өнөөдөр “үндэсний эрх ашиг” гэсэн ганц өгүүлбэрээр хааж болохгүй. Монголын баялаг бол Монголын ард түмэнд үлдэх өгөөж.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.