
Meta компани камерын бичлэг эхэлсний дараа анхааруулах гэрлийг халхалж, нууцаар бичлэг хийх боломжтой байсан цоорхойг программын шинэчлэлтээр хааж эхэлжээ.
Meta компанийн AR бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Алекс Химелийн мэдээлснээр, шинэчлэл суусны дараа хэрэглэгч бичлэг хийж байх үедээ нүдний шилний бичлэг хийж буйг илтгэдэг LED гэрлийг халхалбал камер автоматаар ажиллахаа болино.
Өмнө нь нүдний шилний гэрлийг халхалсан тохиолдолд камер бичлэгийг эхлүүлэхгүй байсан ч хэрэглэгчид эхлээд бичлэгээ асаагаад, дараа нь гэрлийг халхлах замаар энэ хамгаалалтыг тойрч чаддаг байжээ.
Энэхүү арга нь цахим орчинд тархсан заавар, бичлэгүүдээр олон нийтэд ил болсон бөгөөд Meta үүнийг нууцаар бичлэг хийхэд ашиглаж болох нууцлалын цоорхой гэж үзэн засаж байна.
Хоёр дахь удаагийн нууцлалын шинэчлэл
Энэ нь Meta компани сүүлийн хоёр хүрэхгүй сарын хугацаанд ухаалаг нүдний шилний нууцлалтай холбоотойгоор хийж буй хоёр дахь томоохон программын шинэчлэл болж байна.
Өнгөрсөн сард тус компани бичлэг хийж буйг анхааруулдаг LED гэрлийг зориудаар гэмтээсэн эсвэл ажиллагаагүй болгосныг төхөөрөмж илрүүлбэл нүдний шилний камерыг идэвхгүй болгох шинэ хамгаалалт нэвтрүүлсэн юм.
Meta ийм арга хэмжээ авах болсон гол шалтгаан нь хүмүүсийн дунд нэмэгдэж буй нууцаар зураг, бичлэг хийх болон бусдыг дарамтлахтай холбоотой шүүмжлэл ажээ. Зарим хэрэглэгч Meta-ийн ухаалаг нүдний шил ашиглан олон нийтийн газар бусдыг мэдэгдэлгүйгээр бичиж, улмаар бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн тохиолдлууд гарсан байна.
Үүнтэй холбоотойгоор Instagram зарим ийм төрлийн бичлэг хийсэн хүмүүсийн хаягийг хаасан байна.
Гэхдээ Meta-ийн хамгаалалтыг тойрох боломжтой хямд дагалдах хэрэгслүүд хүртэл зах зээлд гарсан нь компанийн хувьд нууцлалын асуудлыг улам хүндрүүлж байгаа юм.
Meta хэрэглэгчдэд тайлбарлах кампанит ажил эхлүүлнэ
Үүнээс гадна Meta ухаалаг нүдний шилний нууцлал болон бичлэгийн LED гэрэл хэрхэн ажилладаг талаар олон нийтэд мэдээлэх, ойлгуулах кампанит ажил эхлүүлж байна.
Тус компани Лос-Анжелес хотод сурталчилгааны самбар байршуулсан бөгөөд түүнд:
“Designed for everyone — not just the people wearing them.”
буюу “Зөвхөн зүүж буй хүнд бус, хүн бүрт зориулагдсан” гэсэн санааг онцолжээ.
Тус сурталчилгаанд бичлэгийн үед асдаг LED гэрлийг тод харуулсан бөгөөд Meta нууцлалын талаарх мэдээлэл бүхий бүтээгдэхүүний цахим хуудсыг мөн сурталчилж байна.
Цаашид ухаалаг нүдний шил өргөн хэрэглэгддэг бусад хотуудад ижил төрлийн сурталчилгаа, видео мэдээлэл түгээхээр төлөвлөжээ.
Meta-ийн мэдээлснээр нууцлалын хамгаалалтыг зориудаар тойрохыг оролдож буй хүмүүс харьцангуй цөөн боловч компани “бичлэг хийж байгааг ойр орчмын хүмүүст найдвартай мэдэгддэг” систем бий болгохын тулд цаашид ч программын шинэчлэлтүүд гаргах аж.
Ухаалаг нүдний шилэнд камер, микрофон зэрэг төхөөрөмж суурилснаар хэрэглэгч өдөр тутмын амьдралаа гар утас гаргалгүйгээр зураг, бичлэг болгон хадгалах боломжтой болсон. Гэвч үүний зэрэгцээ эргэн тойрныхон нь өөрсдийгөө бичүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ? гэсэн нууцлалын асуудал технологийн салбарын анхаарлын төвд орж байна.
Б.Өгөдэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.