
Италийн хөлбөмбөгийн Лацио клубын төлөө 23 настай Романо Флориани Муссолини анхны тоглолтоо хийсэн нь спортын мэдээнээс давсан шуугиан дагуулж байна. Учир нь тэр бол Дэлхийн II дайны үеийн Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолинигийн гуч хүү юм.
Романо 2026 оны наймдугаар сарын 24-нд Болоньятай хийсэн Сери А-гийн тоглолтын үеэр сэлгээнээс талбайд гарч, Лацио 1:0-ээр хожсон байна. Тэрээр Лациогийн залуучуудын академид 2016 онд элсэж байсан бөгөөд дараа нь Пескара, Жуве Стабия, Кремонезе зэрэг багт зээлээр тоглож, мэргэжлийн түвшинд туршлага хуримтлуулжээ.
Гэхдээ түүний овог л энэ түүхийг дэлхий дахины анхаарлын төвд оруулсан юм.
Тэгвэл Бенито Муссолини гэж хэн бэ?
Бенито Муссолини (1883–1945) нь Италийн фашист хөдөлгөөнийг үндэслэж, 1922 онд эрх мэдэлд хүрсэн бөгөөд 1925 оноос Италийг ил тод фашист дарангуйллын тогтолцоогоор удирдсан. Тэрээр өөрийгөө “Il Duce” буюу “Удирдагч” хэмээн нэрлэж байв.
Муссолини Италийг Дэлхийн II дайнд Адольф Гитлерийн нацист Германы талд оруулсан бөгөөд түүний дэглэм улс төрийн өрсөлдөгчдийг хавчин гадуурхаж, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлан, хүчирхийлэлд тулгуурласан авторитар тогтолцоог бий болгосон.
1943 онд холбоотнууд Италид давшсанаар түүний эрх мэдэл нуран унаж, 1945 оны дөрөвдүгээр сард партизанууд Муссолиниг баривчилж, цаазалсан.
Романо Муссолинигийн удамд хэрхэн холбогддог вэ?
Удам угсаа нь:
Бенито Муссолини → Романо Муссолини → Алессандра Муссолини → Романо Флориани Муссолини
Романо Флориани Муссолинигийн ээж Алессандра Муссолини нь Италийн улс төрч, Европын парламентын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Бенито Муссолинигийн ач охин юм. Түүний өвөө буюу Алессандрагийн эцэг Романо Муссолини нь Бенитогийн дөрөв дэх хүү бөгөөд хөгжимчин, зураач, кино продюсер байсан.
Өөрөөр хэлбэл, энэ залуугийн нэрэнд байгаа “Mussolini” гэдэг овог нь зүгээр нэг адилхан нэр биш. Италийн түүхэн дэх хамгийн маргаантай улс төрийн удирдагчийн шууд удам гэсэн үг.
Харин хамгийн хачирхалтай давхцал нь...
Романо Лациогийн төлөө дебютээ хийсэн тоглолт Болоньягийн “Renato Dall’Ara” цэнгэлдэхэд болсон.
Энэ цэнгэлдэх хүрээлэнг 1920-иод онд барьж дуусгахад Бенито Муссолини өөрөө нээлтэд нь оролцож байсан түүхтэй. Тиймээс бараг зуун жилийн дараа түүний гуч хүү яг тэр цэнгэлдэхэд мэргэжлийн дээд түвшний анхны тоглолтоо хийсэн нь Италийн хэвлэлүүдийн хувьд онцгой бэлгэдэлтэй үйл явдал болжээ.
Мөн Романо Лациогийн академид байх үеэсээ овгийнхоо улмаас хэвлэл мэдээллийн анхаарлыг татсаар ирсэн. Тэр 2021 онд Лациогийн U-19 багт дэвшиж байхдаа ч олон улсын хэвлэлийн мэдээнд “фашист дарангуйлагчийн гуч хүү” хэмээн онцлогдож байв.
Дебютын үеэр Лациогийн зарим хөгжөөн дэмжигч “Duce” хэмээн хашгирсан гэх мэдээлэл ч гарсан нь Муссолинигийн нэртэй холбоотой улс төр, фашизмын маргааныг дахин сөхөхөд хүргэсэн байна.
Б.Өгөдэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.