УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Б.Найдалаа дулаан, цахилгааны үнэ нэмж, дэмий зүйлд мөнгө үрэхээ боль 
 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Б.Найдалаа дулаан, цахилгааны үнэ нэмж, дэмий зүйлд мөнгө үрэхээ боль 

Цахилгаан эрчим хүч экспортлох стратегийн бичиг баримт боловсруулах, хууль зүйн зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр зарласан 790 сая төгрөгийн тендерийн асуудлыг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг шүүмжилсэн байдаг.

Харин энэхүү асуудалд Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Тус ажил нь Шадар сайдын хариуцлагын хүрээнд байгаа. М.Энхцэцэг гишүүн тийм зүйл ярьсан байна лээ. Би иймэрхүү зүйлд тайлбар өгөх зав байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. М.Энхцэцэг гишүүн бүрэн мэдээлэл аваагүйгээр, асуудлыг сайн ойлгохгүйгээр олон нийтэд ийм ташаа мэдээлэл гаргасан байна. Иймэрхүү байдлаар хандалт авдаг юм байлгүй. Хүний толгой эргүүлсэн дэмий зүйл байгаа юм” гэжээ.

Мөн “Эрчим хүчний яамны харьяа төрийн өмчит байгууллага “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” 300 сая орчим төгрөгийн тендерт шалгарсан. Харин 790 сая төгрөг нь өөр ажил байх” гэсэн тайлбарыг өгчээ.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Улайм цайм цахилгаан экспортлох стратегиа хийлгэх 790 сая төгрөгийн тендер зарлачхаад “худал мэдээлэл” гээд зогсох юм. Гайхалтай.

Цахилгаан экспортлох мөрөөдлийн стратегиа өөрсдөө боловсруулах чадваргүй, 790 сая төгрөгөөр хийлгэхээс аргагүй гээд зогсож байгаа сайдыг харах юутай уйтай вэ.

“Модон шонгоо солих мөнгөгүй байж, молиго өмхүүлсэн цаас”-нд мөнгө зараад сууж байх ч гэж. Татвар төлөгчдийн мөнгийг тэнэг зүйлд үрэхээ боль л гэсэн.

Дулаан, цахилгааны үнийг нэмсэн мөнгөө дэмий зүйлд үрэхээ боль л гэсэн.

Ийм дэмий цаасыг татвар төлөгчдийн мөнгөөр хийх гээд төрийн байгууллага байж төрийн тендерт ороод зогсож байгаа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ичих хэрэгтэй” гэлээ.

Онгоцны ослын гарц нээсэн монгол иргэн ял сонсов
Онгоцны ослын гарц нээсэн монгол иргэн ял сонсов
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.