
БНСУ-ын Инчоны дүүргийн шүүх нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын хаалгыг нээх зориулалттай бариулыг татсан 51 настай Монгол Улсын иргэн А-д 4 сарын хорих ял оноож, 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Инчоны дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн 12 дугаар танхимын шүүгч Ким Хён Сүг уг хэргийг тавдугаар сарын 27-нд шийдвэрлэжээ.
Нислэгийн үеэр ослын гарцын бариулыг татжээ
А нь 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өглөөний 03:15 цагийн орчимд Монгол Улсаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд зорчиж байхдаа ослын гарцын хаалгыг нээх зориулалттай бариулыг татаж, ажиллуулсан хэрэгт буруутгагдсан байна.
Тухайн үед тэрээр ослын гарцын хажуугийн 22J суудалд сууж байсан бөгөөд онгоц нислэг үйлдэж байх үед уг бариулыг татсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
“Аюулгүй нислэгт ноцтой эрсдэл учруулах үйлдэл”
БНСУ-ын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуульд онгоцны аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагаанд саад учруулах хүчирхийлэл, сүрдүүлэг, заль мэх зэрэг үйлдэл гаргах, мөн онгоцны хаалга, ослын гарц болон холбогдох тоног төхөөрөмжийг дур мэдэн ажиллуулахыг хориглодог.
Шүүхээс А-ийн үйлдлийг онгоцны аюулгүй нислэгт сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй үйлдэл гэж үзжээ.
Шүүгч:
“Энэ хэрэг нь онгоцны аюулгүй нислэгт заналхийлсэн, эрсдэл маш өндөр үйлдэл тул гэм буруугийн хариуцлага хүнд байна. Мөн яллагдагч өмнө нь БНСУ-д өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан ч дахин хэрэг үйлдсэн”
хэмээн дүгнэсэн байна.
Гэхдээ бодит аюул үүсээгүйг харгалзжээ
Гэсэн хэдий ч шүүх ял оноохдоо хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна.
Тухайлбал, А өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас онгоцонд их хэмжээний эмх замбараагүй байдал үүсээгүй, мөн онгоцны аюулгүй байдалд бодитой аюул учраагүй гэж шүүх үзжээ.
Иймээс гэмт хэргийн сэдэл, нөхцөл байдал болон бусад холбогдох хүчин зүйлсийг харгалзан 4 сарын хорих ял оноож, 1 жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: News1, БНСУ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.