
2026-2027 оны шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийж, эцэг эх асран хамгаалагчид сургалтын төлбөрын дарамт үүсгэхгүй байх үүднээс Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалыг гаргасан байдаг.
Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн хувийн сургуулиудын төлбөрийн асуудал яригдаж зарим нь 100 хувь төлбөрөө төлж баталгаажуулахыг шаардаж байгаа аж. Тэгвэл энэхүү тушаалд “Хувийн сургуульд шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй. Харин төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангана” гэж заажээ. Мөн “Сургалтын төлбөрийг хичээлийн жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх уян хатан нөхцөлийн талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд тусгах” гэж заасан байна. Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх аж.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаст мэдээлснээр “Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн энэхүү тушаалын заалт бүртэй танилцаж, хувийн сургуулиудад хүргүүлсэн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.