
МАН-ын бүлгийн гишүүд Их тэнгэрт хуралдсанаас хойш Засгийн газраас “МАН-ын 68 гишүүн нэгдээд ЗГ-аа дэмжинэ”, “Д.Амарбаясгалан хариуцаж, бүлгийн гишүүдээр гарын үсгээ зуруулахаар тохиролцсон” хэмээх мэдээллийг хэвлэл, сошиалаар зэрэг шахам цацлаа. Тэр хэрээр Засаг ихээхэн эмзэг байгаа бололтой. Харин уг мэдээллийн эсрэг УИХ-ын гишүүн Э. Болормаа “Засгийн газрыг унагахгүй гэсэн байр сууринд 100 хувь нэгдээгүй” хэмээн үгүйсгэв. Тэгэхээр “МАН Их тэнгэрт уулзалт хийж нэгдмэл цул боллоо” гэсэн мэдээлэл худал болж таарах нь. Энэ уулзалтыг товчхон дүгнэвэл тэврэлдэж үнсэлцтэлээ эвлэрээгүй ч тэг дундуураа эвдэрчхэлгүй тарсан гэсэн үг.
Засгийн газрыг огцруулахаар 41 гишүүний гарын үсэгтэй болчихсон суугаа АН-ын дарга О.Цогтгэрэл ч дайралтанд өртөж байна. “Олон улсын байдал дайн дажинтай”, “Бензин шатахуунгүй хэцүү, үнэ инфляци өсчихсөн байхад ахиад ЗГ унагах гэлээ” гэхчлэн шүүмжлүүлээд амжлаа. Уг нь ардчилсан төр засагтай аль ч улсын сөрөг хүчин эрх баригчдаа огцруулах байнгын хүсэлтэй байдаг. Огцруулах шахалт нь эрх баригчдыг илүү сайн ажиллуулдаг нь ардчиллын зарчим.
Намаа нэгтгэж чадсан О. Цогтгэрэлтэй Ардчилсан нам улс даяар хөтөлбөр хэрэгжүүлж бодлого ярьж яваа. 2028 онд эрх барихын тулд 30, 38-ын бүлгийн алин алинтай нь хамтарч МАН-аар туйлдтал тоглох хүсэлтэй байгаа биз. Тэр тактик ч зөв. 1996-2000, 2012-2016 онд Монгол ардын намын зүгээс АН-ын хуваагдал дээр ийнхүү тоглолт хийж байсан.
Засгийн газар бүр шахам нь тогтворгүй, удаан засаглаж чадахаа больсон дархлаа анх МАН-аас эхлэлтэй. Сонгуулиар ялсан ЗГ-аа унагаж, нэгнээ гэмт хэрэгт улайм цайм гүтгэсэн. Унасан хүмүүс өс зангидан, тэр хагарал томорсоор өнөөдөр эрх баригч нам бараг л дотроосоо гал өрдсөөр одоо хоёр дахь Засгийн газраа унагах гэж байна.
Хэрэв Н. Учралын Засгийн газар унавал МАН-ын хямрал улам гүнзгийрнэ. Улмаар ирэх Ерөнхийлөгчийн сонгууль байтугай 2028 оны парламентын сонгуулдь ч ялагдах нигууртай. АН шиг дахин хэдэн сонгуульд ялагдаж бүүр доош унаж мэднэ. МАН-ын туршлагатай олон улстөрч үүнийг мэдэж байгаа учир 30, 38-ын бүлэгт аль алинд нь Н.Учралын Засгийн газрыг бүхэлд нь огцруулахгүйгээр цөөн хэдэн сайд сольж аваад цааш явахыг зөвлөжээ. Ууган намын хүйтрээд байгаа ийм уур амьсгал засагт дамнан ажиллаж буй ХҮН намыг ч “жийж” магадгүй байна.
Маргаашнаас COP17 дуусч намрын халуун улс төр эхлэх шуумтай зэрэгцэн Засгийн газар зарим сайд нараа солих кампанит ажилдаа ханцуй шамлах сурагтай. Мэдээж огцрох сайд нар муу нэртэй байх ёстой. Тиймдээ ч Б.Найдалаа сайдын туслах охинтойгоо зүггүйтсэн бичлэг гэнэт гарч ирээгүй байх. Б.Найдалаагийн рийлс дахиад хэдэн ч сайдыг муухай харагдуулах олон ангитай байж мэднэ.
Н.Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.