Гималайн уулсын зүүн урд чигт орших бурхны шашинт, Бутаны хаант улс. Энэтхэг, Хятад гэх хоёрхон том хөрштэй, далайд гарцгүй энэ улсын газар зүйн байрлал нь бидэнтэй нэн төстэй, цаг агаар нь ихэд тааламжтай, субтропик дулаан уур амьсгалтай хөндийд нь тутрагаас эхлээд гадил жимс хүртэл ургах хэрнээ битүү хөвч, ой модонд нь зэрлэг жимс, самар, мөөг, Төвөдийн анагаах ухаанд ашигладаг эмийн ургамал нэн элбэг.
Дэлхийд Gross National Happiness буюу Дотоодын аз жаргалын индекс гэдгийг таниулснаас гадна хүлэмжийн хийн ялгаруулалт нь сөрөг үйлдвэрлэлтэй цор ганц улс юм.
Далайн түвшнээс дээш дунджаар 3280 метр өргөгдсөн өндөр уулын энэ бүс нутагт Бурханы шашны Их хөлгөний (махаяна) улаан (нимапа), цагаан (кагьюпа) малгайтны урсгал ихэд дэлгэрсэн ба бид Богдоо дээдэлдгийн нэгэн адилаар Гималайд Төвөдийн буддизм буюу тарнийн шашныг (тантрик) дэлгэрүүлсэн Гүрү Ринбүүчи Бадамсамбуугаа хоёр дахь бурхан багш гэж үзнэ.
Диваажин гэж ийм л юм байдаг байх гэж бодохоор байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ нутаг хүлээн авах жуулчдын тоондоо хязгаар тогтоодог.
Ковид гээч гайтай хөөтэй цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар нь хэдэн жил нам зогссоныг сэргээж, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд энэ оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн гадаадын иргэний төлдөг татвар болох Тогтвортой хөгжлийн төлбөр (нэг өдрийн 200 ам.доллар)-т өөрчлөлт оруулан тус улсад таваас олон хоновол дахин тав хоног үнэгүй гэх мэт зохицуулалт хийжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь 1000 ам доллар зөвхөн татварт төлөөд тав хонох боломжтой байсан бол одоо энэ үнээр 10 хоног аялах нь.
Эдийн засагт нь аялал жуулчлалаас гадна сэргээгдэх эрчим хүчний экспорт жин дарна.
Уулын ширүүн урсгалт гол дээр барьсан усан цахилгаан станцаас гарах нийт эрчим хүчнийхээ ердөө 10 хувийг өөрсдөө хэрэглээд бусдыг нь Энэтхэг гэх “том ах”-даа зарна. Оронд нь хуучин машин, тоног төхөөрөмж, бензин, газ, ахуйн хэрэглээний бараа таваар гэх мэтийг авна.
Хэрэв гуравдагч оронтой худалдаа наймаа хийвэл татвар нь дийлдэхгүй. Зөвхөн Энэтхэгээр дамжуулан гадаад худалдаа хийх боломжтой. Яагаад гэвэл Хятадтай дипломат харилцаа байхгүй. Бидэнтэйгээ зовлон нэгтэй л улс юм.
Эх сурвалж: People (https://people.com/royals/king-queen-bhutan-celebrate-10-year-anniversary-best-wedding-photos/)
Хүн амын хувьд бутанчууд бидэнтэй нэн төстэй, өөрсдийгөө Чингисийн байлдан дагуулалтаас үлдсэн хүмүүс гэж ярих нь элбэг. Төвөд хэлний бүлгийн зонха аялгаар ярина, төвөд үсэг хэрэглэнэ.
Хүний нэр нь хүртэл төвөд: Дорж, Пагма, Ням, Сэнгээ, Самдан, Даваа, Лхагва, Ренчин гээд явж өгнө. Дуудлага, галиглалт нь арай өөр. Жишээ нь одоогийн эрх барьж буй Ванчигийн удмын V хааны нэр Жигмэд Хасар Намжил Ванчиг (Jigme Khesar Namgyel Wangchuck) бол хатан хааны нэр нь Jetsun Pema буюу Жавзанпагма.
Дунд сургуулиас нь англи хэл заана. Залуучууд хүүхдүүд нь англиар чөлөөтэй ярина. Хүн ам нь 2022 оны тооллогоор 784.9 мянгад хүрсэн нь өнгөрсөн оноос 4980-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дундаж наслалт 72.
Бутанд эрэгтэйчүүд нь арай олон буюу хүн амын 52.9 хувийг эзэлнэ. Мөн тэдний 43.9 хувь нь хот суурин газар амьдардаг бол нийслэл Тимпү (Thimphu) 160 мянга орчим хүнтэй. Засаг захиргааны хувьд 20 муж буюу аймагт хуваагдана. Үүнийгээ зонха (dzonkha) гэж нэрлэнэ. Зонха нь Буддын томоохон хийд дотор, тэнд нь төрийн бүх үйлчилгээ, сургууль, эмнэлэг бүгдээрээ төвлөрсөн байдаг. Бурхны шашинт улс шүү дээ.
Эдийн засаг нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйд суурилсан, хүн амын 60 хувь нь энэ салбарт ажиллана. Нэг хүнд ногдох ДНБ 3500 ам. доллар. Сарын дундаж цалин 450 ам. доллар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 120 ам доллар байна. Төрийн албан хаагчид нь цалингаас гадна хангамж сайтай, хөнгөлөлттэй зээл авах боломжтой, өндөр насны тэтгэвэртэй.
Бутан найзын яриагаар авлига ид цэцэглэж (10% 😉) эхэлж байгаа төдийгүй төрийнхөн нь гоё үнэтэй машин унаж, том байшинд амьдардаг болсон гэнэ.
Биднээс ялгагдах нь төрдөө гадаадад төгссөн боловсролтой хүмүүсээ их ажиллуулдаг.
Надтай хамт Австралид сурч байсан хэдийн нэгээс бусад нь бүгд л төрд байна. Нэг нь лав аймгийн даргаас Мал аж ахуй хариуцсан яамны газрын дарга, төрийн нарийн бичиг хийж байгаад НҮБ-ын ХХААГ-т ажиллахаар сая Ром явсан. Үлдсэн нь аймгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга зэрэг бүгд л өндөр албан тушаалтан. Эдийн засаг төлөвлөлтийн яамны дарга нь лав намайг очих үеэр Нью-Иоркод НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор явсан байлаа.
Хүн амын өсөлт муу (0.6%), ажиллах хүчний дутагдалтай тул Энэтхэгээс бүтээн байгуулалтад ажилчид авч, зам гүүрээ тавиулна, байшин барилга бариулна. Иймд хүн амаа өсгөх бодлого баримтлан манайхаас Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө гэх мэт туршлага нэвтрүүлж байгаа гэж найз нар ярьж байлаа. Гол нь саалиа бэлдэхээр саваа бэлд гээд эмнэлэг, сургууль их сайн барьж, мэргэжилтнүүдээ гадаадад бэлдэж байна даа.
Аялал жуулчлал, ялангуяа эко аялал жуулчлал хөгжүүлэхээр ихэд чармайн ажилласны үр дүнг харьцуулах боломж 12 жилийн өмнө хааны хуриманд оролцож явсан миний хувьд бий. Тэр үед жилд авдаг жуулчдын тоо хязгаартай, зам нь гэж манай 2000 оны эхэн үеийн Лүнгийн зам шиг байсан бол одоо бүх мужаа засмал замаар холбожээ. Бидэн шиг тал газарт шулуун зам бус, өндөр уулын бүсд ороолдсон зам барина гэдэг инженерийн шийдэл, тооцооллын хувьд тэс өөр арга технологи учраас зардал мөнгө ч их гаргажээ. Хамгийн чухал нь арчилгаа их сайтай, байнга л засаж янзалж, додомдож байгаа харагдах юм билээ.
Гадаадынхан аялдаг хэд хэдэн чиглэл байна. Шашин мөргөлийн аялалд Азийн улсууд, үүн дотроо Сингапур, Хонг Конг, Вьетнам, Хятад улсаас их ирдэг бол байгалийн буюу ууланд авирдаг, алхдагчууд их очдог гэнэ. Бутаны баруун хойд муж, Төвөдийн өндөрлөгийн талд байх Бумтан гэх аймаг нь улаан малгайтны шашин үүсэн дэлгэрсэн өлгий нутаг.
Биднийг уг хотод очиход буюу намрын дунд сарын шинийн найманд Ногоон дарь эхийн тахилгатай өдөр таарч лам нар ном хуран ард олон баясан цэнгэж байгаатай таарсан завшаантай үйл явдал болсон юм.
Тэр оройдоо галын тахилгын зан үйл хийв. Бумтангийн галын тахилга (Thangbi Mani Tcheshu) нь томоохон шашны баяр төдийгүй бидэнтэй төстэй олон зан үйл хийдэг. Сүмдээ эхлээд бамбар барьж цам харайгаад бүгдээрээ явж голын эрэг дээр мөчрөөр барьсан томоо гэгчийн сорыг шатаах ба доогуур нь гарвал бүх муу муухай нүгэл хилэнц нь арилна гэж үзнэ.
Манай жолооч Даймка (Dandin) бидний өмнөөс тэр доогуур нь долоон удаа гүйж гараад өргөл өргөсөн шүү.
Залуусын хувьд уулзаж учрах, баясах цэнгэх боломж. Дараа нь хотын гол гудманд худалдаа наймаа дэлгэж, хүмүүс азаа үзэх гэх мэтээр баярлах юм билээ.
Бумтан (Bhumtang) гэх нэр нь бидний бумба гэдэг үгтэй ижил утгатай. Бумбын хөндий нь тэр чигээрээ үлгэрийн орон. Өглөөд үүл бууж ирэх бөгөөд тэнгэрийн оронд л ийм байдаг болов уу гэмээр үзэсгэлэн төгөлдөр байгалийн төрхийг харна. Нар гарахад үүл дээш дэгдэн бүхий л өнгө будаг нь тодрон дуу алдам сайхан.
Зүйрлэвэл Минжийн хангайн застав хүрэх замд хардаг тэр л сайхан байгалийн төрх, гэхдээ илүү тод, өнгө будаг гүн.