АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ2: Шамбалын орноор аялсан нь “Үргэлжлэл“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ2: Шамбалын орноор аялсан нь “Үргэлжлэл“

Шамбалын орноор:

Үргэлжлэл https://mpress.mn/p/1004084

БУТАН ХООЛ ХҮНС

14 Traditional Dishes You Must Try on Your Next Vacation to Bhutan | Veena  World

Улаан буудайн, сагаг (гурвалжин будаа), арвайн гурил, будаа иднэ. Дээр нь төмс, лууван гол хүнсний ногоо. Ууж буй ус нь цэнгэг болохоор тэр үү, ер нь хоолны давс чанга, үүгээрээ эрдсийн дутагдлаа нөхдөг байх гэж бодсон.

Бүх хоол нь халуун ногоотой, улаан чинжүүтэй. Энэтхэг, хятад, солонгос, Зүүн Өмнөд Азийн, арабын ертөнцийн халуун чинжүү шиг биш, цэвэр, хурц амттай. Гадуур зардаг хатаасан улаан жижигхэн чинжүү дөхнө.

Пунака хөндийд тарьдаг улаан өнгөтэй будаагаар хүндэт зочдоо дайлна. Органик энэ будааны нэг кг нь ойролцоогоор 5 мянган төгрөг.

Пунака хөндийд тариалдаг органик улаан будаа

Аймгийн (зонха) төвийн зах дээр хүнсний үнийг судлахад /кг ногоо төгрөгөөр/:

  • төмс 250,
  • лууван 300,
  • улаан лооль 1200,
  • өргөст хэмх 1700,
  • гадил 2500,
  • алим 2000,
  • өндөг ширхэг нь 50,
  • авокадо (луун жимс гэдэг байх шүү монголоор) 1200,
  • тарвас 2500 гэж байсан.
Зах дэлгүүр. Үнэ судлав

Өөр нэг иддэг гол хүнс нь хатаасан бяслаг. Яг ааруул шиг хэлхээд замын дагуух ТҮЦ-нд өлгөсөн байдаг. Хатуу гэж найгүй, ёстой өдөржин хүлхэж байж л дуусгах байх. Хазвал шүд будаа...

ХООЛНЫ НЭР ТӨРӨЛ ОЛОН БИШ

Үхэр, тахиа, гахайн мах иднэ, үхрийн махаа Энэтхэгээс импортолно. Буддын шашинт учраас малын амь таслахыг цээрлэнэ.

Хойд зүгээрээ сарлаг үхэр ихтэй. Уургийн хэрэглээгээ сэвэг зарамнаас авна. Хоолоо ил гал дээр зузаан ширмэн саванд хийнэ. Яг манайх шиг зуухтай. Зуухны ам нь хүртэл өлзий хээтэй. Халаалтад 200 поошгоор хийсэн зуух ашиглана. Хэрэв тухайн айл нь чинээлэг бол гал тогооны өрөө нь уламжлал ёсоор тусдаа юм билээ.

Мод хөндийлж шавардаад, жижиг зоргодос түлэн хоолоо халуун байлгадаг уламжлалт технологитой

Момо буюу буузыг янз бүрээр чимхэж байна, шарж байна. Найзын урилгаар оройн хоолонд момо идэхэд ууланд авираад өлссөн бид цадахгүй байх гээд баахныг захиалсан. Нэг порц нь 5ш гэхэд захиалснаа идэж бараагүй л юмдаг. Гахай, үхрийн махтай, төмс ногоотой байсан. Ер нь хонины мах байдаггүй юм билээ. Загасыг лусын амьтан гээд иддэггүй.

Карритай загас тансаг хоол

Ердийн хоолны меню:

I хоол: Сэвэг зарам, эсхүл хулууны зутан шөл (Нэг удаа манай бантантай нэн төстэй шөл уусан).

II хоол: Будаа, хойд зүгээрээ хэрчсэн гурил, тосоор амталсан халуун чинжүү, бяслагтай төмс, чинцай, ногоон цагаан цэцэгт байцай, бууцай, саримстай юуцай, эрдэнэ шиш, улаан цагаан лууван. Бадамлянхуа цэцгийн үндэс, нялх хулс, төрөл бүрийн шош бас хэрэглэнэ.

Хөдөөгийн чинээлэг айлд үдийн зоог барив.

Бид нэлээд өндөр түвшний тусгай аяллаар явсан тул тансаг зүйлээр дайлсан байж болзошгүй. Гэхдээ хөдөөгийн чинээлэг айл, хотын ганц бие залуу, хотын зах манайхаар бол зуслангийн бүсд амьдардаг айлаар зочилж дайлуулсан тул ерөнхийдөө юу идэж, уудгийг нь ойлгосон.

Төвөд, хятад, энэтхэг гээд олон зүгийн хоолны холимог...
Бутан үндэсний хоолонд нэлээд дөхсөн зоог

Амттан: Таргаар амталсан шинэ жимс, шафранаар амталсан эрдэнэ шиш, шар будаа, цагаан будааны гурилаар хийсэн хайлмаг. Сүүгээр хийсэн англи пудингтэй төстэй амттан. Энгийн айл бол цайтай хамт боорцог иднэ

Уух зүйл: Сүжа, нажа гэж хоёр янзын цай ууна. Нажа нь сүүтэй, чихэртэй Зүүн Өмнөд Ази, ялангуяа Энэтхэг, Малайз, Индонезид маш олон удаа самарч хийдэг цай. Сүжа нь манай хийцтэй цайтай төстэй, давстай, шар тостой. Төвөдүүд домбо шиг юманд хийгээд баахан бүлж бүлж байгаад уудаг цай бий дээ? За яг л тэр юм даа.

Цайны хийц нь хөөсөн будаа, хуурсан гурил, шар будаа гэх мэт, яг л бидэнтэй ижил. Тэрийгээ Гандангийн мандал шиг давхарлаж таваглаад л цайндаа хийж ууна. Амттай. Албан газруудаад халуун савтай энэ цайг захиалгаар нийлүүлдэг бизнес их сайн гэсэн. Зочин төлөөлөгч ирэхээр шууд захиалаад л дайлчихдаг. Гэртээ бол мэдээжийн хэрэг гараа гаргаж хийж өгнө.

Ара гэж нэрлэдэг манай нэрмэл шиг архи ууна. Их сайхан зөөлөн амттай, гоё ордог. Бас юуны төлөө мод ихтэй улс билээ, виски нэрж ууна. Тоорын болон усан үзэмний дарс исгэнэ. Тоорын амттай дарс нь лав десерт вино, их гоё амттай. Шил нь ойролцоогоор US$ 6 орчим үнэтэй.

Кордисепс (Cordyceps silensis) гэх өндөр үнэтэй уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг нэгэн төрлийн мөөг өндөр ууланд ургана. Нэг кг нь 15 мянган ам доллар гэсэн байх шүү. Харахад 60 хөлт хорхой шиг л юм байна лээ. Тэрийгээ арандаа хийчихсэн бол тэр архины үнэ өндөр. Лав яаж чиг вино, архи, виски, пиво, цайтай хольж уугаад огт шартуулдаггүй болохыг өөрийн биеэр нотолсон болно. Гэхдээ тэр архийг нь гадагш авч гарах боломжгүй, зөвхөн дотооддоо л ууна.

Улаан буудай, цагаан будааны шар айраг. Лав 4-5 төрлийн пиво хийж байна лээ. Бүгдийг нь амталсан нь үнээн (Тунгалаг Тамирын Долгорын хоолойгоор уншина уу).

Эрчүүд арай олонтой болоод ч тэр үү, гадаад эхнэр авах явдал ихсэж байгаа төдийгүй гадаад нөхөртэй Бутан хүүхнүүд бизнес их хийж байна. Швейцарь нөхөртэй нэг бүсгүй лав модон мебелийн үйлдвэрлэл эрхэлж, пиво исгэн, бяслаг хийж байна лээ. Бяслаг нь гоё юм аа. Бидний хэд Бутан хоолны мастер-класс авсан ба резортын гал тогоонд хөтчийнхөө хараа хяналт дор бяслагтай төмс хийж сурсан бөлгөө.

Ковидын үеэр хоолны олон ресторан дампуурч байхад жудочин япон эхнэртэй залуугийн япон хоолны ресторан ихэд амжилттай ажиллан Тимпү хотын төвд барилгын бүтэн давхар эзэлдэг болсон гэв. Ванчиг хааны удмын найз уг ресторанд дайлсан.

Төрөл бүрийн суши, Ишиноягийн тонкацу гээд бүгд байсан. Тэндхийн ханшаар бол их үнэтэй, манайд бол дундаж гэхээр л байх. Мөн Солонгос халуун тогоо хоёр ч харагдсан. Британи нөхөртэй хүүхний момо хаус, франц залуугийн ажиллуулдаг бэйкэригийн амттаны дээж гээд гоё сайхан юм зөндөө идсэн. Хотын төвийн Амбиент гэдэг кофи шоп ихэд моодны бололтой, үүдний ванданд оочирлож сууж байгаад ордог юм билээ. Кофе соёл дөнгөж л нэвтэрч эхэлж байгаа юм байна. Үнэ нь ч хямд, нэг аяга их сайн чанарын кофе 1.5 доллар орчим юм уу даа.

АРХИДАЛТ

Ер нь бол бүгд хүртчихнэ ээ. Архидалт, ялангуяа Хаа аймагт их өндөр гэж байна лээ. Аймгийн дарга нь манай найз. Тэр ч бас нэг хэсэг сайн уусан гэсэн шүү. Бидний архидах соёл их төстэй, бүр сэржим өргөж байгаад л хүртэнэ. Ганц удаа хийж өгөхгүй, заавал дахина. Мөн дундуур хийж өгөхийг цээрлэнэ.

Австралийн Чарльз Стёрт Их сургуульд доктор хамгаалсан найз К “Бид ууна аа, гэхдээ чамайг гүйцэхгүй” гээд намайгаа чимхээд авахаа мартсангүй. Австралид сурч байхдаа манайд айлчлан ирж, бид бүгд хамтдаа нэг долоо хоног Өмнөд Австралийн хамаг сайхан winery-нүүдийг дуусгасан нь саяхан мэт боловч аль хэзээний 10 хэдэн жил өнгөрч дээ.

Тэр өнгөрсөн хавар Улаанбаатарт болсон Австралид төгсөгчдийн бүсийн хуралд ирсэн, намайгаа, биднийгээ сайн мэднэ...

Хүртэл яваад л ирлээ дээ муу эгч нь...

Бутанчууд өөрсдийнхөө тариан талбайгаас шууд ногоогоо хураана, өрхийн хэрэглээгээ хангаад зогсохгүй зарж борлуулна.

Ira Block Photography | A woman farming at rice fields in Punakha, Bhutan.

Хөдөөний айлууд бол бүгд тариан талбайтай. Хотын айлууд ч том хаустай, газартай бол ногоо цагаагаа тарина, ядаж л тахиа тэжээнэ. Биднийг очих үед ид төмс хураалт явж байсан. Нийслэл Тимпуд манай “Барс” зах байна. Фермерүүд тосгоныхоо бүх ургацыг ачиж авчраад бөөний үнээр зарна. Зогсоолыг нь их сайн шийдэж өгсөн юм билээ. Захын ойролцоо хот хоорондын автобусны буудал өөрөөр хэлбэл “Драгон” төв байна лээ.

ЗУГАА ЦЭНГЭЛ, ҮНДЭСНИЙ СПОРТ

LearnEnglishThroughFootball on X: "Changlimithang Stadium is a  multi-purpose stadium in Thimphu, Bhutan. https://t.co/dZMrkvV8Rz" / X

Улс нь ганц том стадионтой. Өмнө бичсэнчлэн манай хөл бөмбөгийн шигшээ гуравдугаар сард очиж тоглоод навсайтлаа хожигдоод ирсэн. Өндөр уулын бүсэд хүчилтөрөгчийн дутагдалд орсон байх л даа. Гэхдээ л бид чинь жилийн тал нь утаандаа дарлуулж, хүчилтөрөгчийн дутагдалд амьдардаг хүмүүс шүү дээ.

Ганц стадиондоо бүхий л спортын арга хэмжээ болно. Мөн сүм дацан, сургуулийн гадаа маш том спортын талбайтай, хүүхдүүд, томчууд хөл бөмбөг их тоглоно.

Үндэсний спорт нь сур харваа, мөн дартс, сур харвааны холимог. Үүнд хоёр тал болж хуваагдаад бөөрөнхий сурын бай шиг зүйл рүү хурц сумтай дартсын зүү шиднэ. Намрын дунд сарын шинийн есөнд Бороонд ариусдаг өдөр (Blessed Rain Day) нь биднийг Бумбын хөндийгөөс буцахад таарч бүгд л бороонд гадаа тоглоцгоож байна лээ.

Нэг тосгонд нь чармай нүцгэн цам харайдаг баяр болдог, гэхдээ зураг авч болдоггүй юм гэсэн. Дагуулж явсан жуулчин нь зураг авснаас болж хөтчийг нь нутгийнхан зодсон хэрэг гарсан юм билээ. Энэ тухай манай хөтөч Цэгял (Tcheghyal, бид Цэнгэлээ гэж дуудна) ярьж байв.

Сур харвааны хувьд улс даяараа хичээллэнэ. Бай нь босоо дэлгэсэн шир. Онохоор нь дуулж бүжиглэж баяр хүргэнэ. Манай уухай л юм даа нэг төрлийн.

Бидний хэдийг Чингис хааны үр ач хэмээн ихэд хүндэтгэж байсан болохоор их хааныхаа нэрийг эрхэмлэн нэр хичээн өмнө огт харваж байгаагүй хэд нь хүртэл байг онож, Бутан залуусыг дуулуулж бүжиглүүлсэн. Азийн тоглолтод байт сураас нүдний шилтэй Отгонболд алтан медаль авахыг хараад сураар хичээллэн намнаач болохоор шийдсэн гээд хачир нэмчихье 😉 😉 😉

Bhutan:Thimphu:Norzin Lam.Cinema (Closed down) | Thimphu 廷布.… | Flickr

Тимпү хот ганц кинотеатртай. Тэнд нь зөвхөн Бутан кино гарна. Манайхан тэнд кино өдрүүд хийвэл ёстой нэвт явах юм билээ.

Ялангуяа, үхлийн тухай өгүүлсэн Трио киног бол үнэхээр шимтэн үзнэ. Ташрамд энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхэд бэлэн шүү. Хүмүүс Нетфликстэй, гэхдээ төлбөрийг зөвхөн гадаадаас хийх боломжтой.

Телевизийн 4 сувагтай, шашны, төрийн буюу хааны, бас боловсролын гэх мэт сувагтай. Төрийн суваг нь англи, зонха хэлээр явна.

1999 оноос IV Ванчиг хаан Жигмэд Сэнгээ (одоогийн хааны аав) зарлигаар интернет хэрэглэх болсон байна. DrukNet гэх уг компани маш амжилттай ажиллан 10 жилийн дараа гэхэд хүн амын 10 хувь нь интернетэд холбогдсон бол 2022 оны I сарын тайлангаар нийт иргэдийн 48.1 хувь нь интернетэд холбогджээ. Ковидоос болоод бүртгэл мэдээлэл доголдсон, магадгүй энэ тоо өндөр байх боломжтой гэж Эдийн засаг төлөвлөлтийн яамны дарга найз бичиж байсан.

Интернет хот суурин газарт асуудалгүй, манайхан шиг бүгд л Фэйсбүүкэд байна. Төрийн албаныхны ажил яг л бидэнтэй ижил ФБ-р явж байсан нь асуудал дагуулж, хязгаарлалт хийсэн гэнэ лээ.

“Авьяслаг Монголчууд” шиг шоу болж, Эдийн засаг төлөвлөлтийн яамны дарга найзын ахынх нь хүү гэсэн байхаа ихэд дээгүүр давхисныг би Фэйсбүүкээс мэдсэн юм даг. Одоо охидын шүтээн, од гэсэн. Манайхаар бол Энх-Эрдэнэ л юм даа. Тимпү цэжү наадмын үеэр нийслэлийнхээ төв талбайд стрийт данс тэмцээн болж залуус өргөнөөр оролцож байсан шүү. Найзын ярих нь ийм тэмцээн их болдог, тэдний бага хүүгийн ганц зорилго нь ийм шоуд оролцож түрүүлэх юм гэсэн.

Мөн биднийг хүндэтгэн хийсэн хүлээн авалтад ардын урлагийн бүтэн концерт тоглосноос гадна залуусын дунд моод болж байгаа бүжиг гэж зарлаад манайхны бүжиглэдэг “Тоохуу нэгэн хос” шиг ардын бүжгийг техно хөгжимтэй хамтатгасан үзүүлбэр үзүүлсэн. Үүнээс гадна бидэнд зориулж "Хү" хамтлагийн “Yu ve, yu ve” ютүбээс авч дэлгэцээр гаргасан, бид хэд ч бас л Монголынхоо нэрийг өндөрт өргөн зад биелсэн билээ.

Аль ч хотын төв гудам дагуу баар, цэнгээний газрууд харагдаж байсан. Тэнд нь андэрграунд хамтлаг дуучид дуулдаг, жааз тоглодог гэсэн шүү. Бидэнд тийшээ орох зав үнэхээр олдоогүй. Дараа явахдаа заавал орж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөө амлая 😊 😊 😊

Бумбын хөндийд хар тамхины ургамал их ургана. Амстердамын гудамжинд үнэртдэг тэр нялуун үнэр нэвт л үнэртэх юм билээ. Гол асуудал нь чи өөрөө татаж болно, харин зарж болохгүй. Агаар сийрэг өндөр ууланд тэгээд хар тамхины ургамал нэвт үнэртсэн, байгалийн үзэмж төгс бүрдсэн Бурхан Бумбын орон гэдэг чухам тэр нутагт л байна лээ...

Үргэлжлэл бий...

Altan Alim



Тэмдэглэлийг AltanAlim. Мэргэжлийн аялагч, бөөн дурын орчуулагч

Тэрбээр Утааны эсрэг цогтой тэмцэгч, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй нэгэн

#applism #BelikeApple #FNR #Үмбүү

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.