Японы Hitachi болон Sony Group компаниуд энэ жилээс эхлүүлэн ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх бөгөөд энэ хөтөлбөр нь компаниуд ажилтнуудаа хиймэл оюун ухаан, метаверс зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид зохицон ажиллах дадал суулгах зорилготой юм байна.
Тухайлбал, энэ сараас эхлэн аль аль компаниуд нас залуу, дунд тушаалын ажилтнууд сонгож, нөгөө компани руугаа 3 сарын хугацаанд солилцоогоор явуулах ажээ. Эдгээр ажилтнууд нь өөрсдийн үндсэн компанидаа бүртгэлтэй байж, хуучин ажлаа үргэлжлүүлж хийх ч долоо хоног бүр ажлын 3 цагийн нөгөө компанийнхаа оффист өнгөрөөх ёстой юм. Тэдэнд зориулсан бэлгэдлийн чанартай, гэхдээ онцгой албан тушаалуудыг бий болгоно гэж Hitachi компани мэдэгджээ.
Сүүлийн үед Японы компаниуд хоорондоо ажилтан солилцох нь түгэн дэлгэрч байгаа туршлага бөгөөд үүний өмнө хүнс, ундаа үйлдвэрлэлийн Kirin Holdings болон Meiji Holdings компаниуд ч мөн дээрхтэй ижил хөтөлбөр хэрэгжүүлж байв.
Солилцооны ажилтныг хүлээн авагч компани нь ирсэн ажилтанд аутсорсингийн гэрээ санал болгосноор тухайн ажилтан өөрийн үндсэн ажлаас гадна хоёрдахь ажилтай болсонд тооцогдоно. Эхний гурван сарын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж үзсэний үндсэн дээр Hitachi болон Sony компаниуд цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм байна.
Sony компани цахилгаан бараа үйлдвэрлэл болон хагас дамжуулагчийн салбартаа Hitachi-гаас инженерүүд болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтнүүд авах юм. Тэд өөрсдийн хөгжүүлж буй AI болон камер, дүрслэх төхөөрөмжийг хэрхэн метаверстэй уялдуулж хөгжүүлэх, амжилттай бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр төвлөрөн ажиллахаар зэхэж байгаа аж.
Харин Hitachi компани Sony-ийн ажилтнуудыг судалгаа хөгжүүлэлт дээр ажиллуулах сонирхолтой байна. Тэд мөн л хиймэл оюун ухаан, виртуал орон зайн технологийг аж үйлдвэрийн орчинд нийцүүлэн хөгжүүлэх ажлыг судлах юм.
Аль аль компаниуд дээр солилцоогоор очсон ажилтнуудын хөдөлмөр, мэдлэг чадварын үнэлгээ нь өөрийн үндсэн компанийн хөдөлмөр, гүйцэтгэлийн үнэлгээнд огт нөлөөлөхгүй байхаар хоёр компани тохиролцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, шилжин очсон компани дээрээ гойд сайн байж чадаагүй ч гэлээ тухайн ажилтанд өөрийнх нь үндсэн компани хариуцлага тооцох, цалин мөнгө хасах зэрэг зүйл гаргахгүй гэсэн үг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр компаниуд өөр өөрсдийн үйл ажиллагаа явуулдаггүй чиглэлд ажилтнуудаа дасган зохицуулж, шинэ туршлага суулгаж чадна гэж үзэж байна. Жишээ нь Sony компани гадны туршлагыг судалснаар бид өөрсдийн үйл ажиллагаанд шинэчлэл, инноваци авчирч чадна гэж үзэж байгаа гэжээ.
Ерөнхийдөө бол Японы компаниуд компанийн дотоод сургалт болон ажлын байран дээрх дадлага сургалтыг чухалчилж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн үеийн эрчимтэй цахим шилжилт, хиймэл оюун ухааны хөгжил нь бизнес, аж үйлдвэрийн салбаруудыг өөрчилж, дотоод нөөц бололцоогоо ашиглан, эдгээр дэвшилтэт технологийг эзэмшүүлэх боломжгүй болгож байгаа тул тодорхой чиглэлүүдээр шинэ мэргэжилтэн бэлтгэх буюу одоо байгаа ажилтнуудаа сургаж дадлагажуулахаас өөр аргагүй байдал руу чиглүүлж байгаа юм.
Тиймээс дээрх компаниуд ажилтан солилцооны хөтөлбөрийг сонгож, өөрийн компанийн дотоод сургалтаар олж авах боломжгүй шинэ ажлын орчин, дадлага туршлага, мэдлэгийг ажилтнууддаа суулгахаар шийдсэн байна. Хэрэв хөтөлбөр тэдний санаснаар хэрэгжиж, үр дүнгээ өгөх юм бол аль аль компани хожиж, үндсэн бизнесүүддээ шинэчлэл, дэвшил авчирна гэж найдаж байгаа ажээ.
Японд ажилтан түр шилжин ажиллах буюу томилогдон ажиллах тогтсон горим дүрэм байдаг ч энэхүү ажилтан солилцооны хөтөлбөр нь илүү уян хатан шинжтэй байж, ажилтан өөрийн үндсэн ажлаа хийнгээ өөр ажлын байранд очиж, шилжин ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой. Хэрэв энэхүү ажилтан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжвэл аль аль компаниуд бага зардлаар, богино хугацаанд шинэ мэдлэг чадвартай ажилтантай болох боломж мөн нээгдэж байгаа юм.
Эх сурвалж: asia.nikkei