/2024.1.30/ Жил бүрийн өдийд Транспэренси интернэшнл байгууллагаас дэлхийн 180 улс орны Авлигын төсөөллийн индексийг зарладаг. Дөнгөж сая энэхүү мэдээллийг дэлхий дахинд зарлалаа.
Өнгөрөгч 2022 оны Авлигын индексээр манай улс "Авлига эрчимтэй өсөж буй 10 орны нэг"-т орсон юм. Тэгвэл "Авлигын төсөөллийн индекс 2023"-т Монгол Улс 33 оноогоор 121 дугаарт эрэмбэлэгдэж, түүхэн доод оноо авлаа.
Сүүлийн 9 жилд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 6 оноо унаж, 48 байр ухарчээ. Түүхэндээ хамгийн дээд оноо авсан нь 2015 онд 72 дугаарт эрэмбэлэгдэхдээ 39 оноотой байв.
Мөн Олон улсын 2023 оны Ардчиллын олон талт байдлын үнэлгээгээр "Ардчиллаас эрчимтэй ухарч буй 7 орны нэг"-ээр манай улсыг "шалгаруулсныг" энд дурьдах нь зүйтэй.
Авлигын индекс нь дэлхийн 180 оны төрийн албаны авлигын эрсдэлийг үнэлдэг цорын ганц үзүүлэлт ба хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд хардаг цөөн хэдэн тайлангийн нэг яах аргагүй мөн юм. Түүгээр зогсохгүй Монгол Улсын үнэлдэг олон улсын бусад үнэлгээнд ч авч ашиглагддаг, нэг үгээр хэлэхэд “нөлөөтэй” үнэлгээ. Тэгэхээр бид гадныханд харуулдаг үзүүлэлтүүдээ өнөөдөр унагачихлаа гэсэн үг.
АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ХЭРХЭН ГАРГАДАГ,
БИД ХААНА АЛДААД БАЙНА ВЭ?
Бид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Оноо ба эрэмбэ (байр): Авлигын төсөөллийн индексийг Берлинд төвтэй Транспаренси интернэшнл байгууллагын судлаачид гаргахдаа 3-13 өөр байгууллагын тайлангуудын үр дүнг нэгтгэн 0-100 оноогоор үнэлдэг байна. 100 нь цэвэр, 0 рүү дөхөх тусам авлигын эрсдэл өндөрт тооцогддог. Улс орон хэддүгээрт эрэмбэлэгдэх нь чухал биш, ямар оноо авах нь чухал юм.
Эх сурвалж (тайлан) ба Үнэлгээ. Зарим улс орон 3 тайлангаар дүгнэгддэг бол зарим нь 13 тайлангийн үзүүлэлтүүдийг тусгай аргачлалаар үнэлдэг. Хэрэв аливаа улс эдгээр тайлангийн 3-аас доошхийг гаргадаг бол индексийн үнэлгээнд багтдаггүй.
Манай улсын хувьд энэ жил нийт 7 тайлангийн үзүүлэлтээр нэгтгэгдэн үнэлэгджээ. Монгол Улсыг үнэлэх эдгээр тайлан буюу эх сурвалжууд цөөн үед буюу 2015, 2016 онуудад оноо өндөр байсан бол 2017 оноос эх сурвалжууд нэмэгдэх тусам оноо буурсныг мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Гэтэл 2020 он хүртэл 9 эх сурвалжаар үнэлэгдэж байсан манай улс 2021 онд 8, 2023 онд 7 эх сурвалжаар үнэлэгдсэн ч ахиц харуулсангүй.
Авлигын төсөөллийн индекс 2023 -т ашиглагдсан эх сурвалжууд (ОУБ-ын тайлан):
Эрсдэлийн 3 үнэлгээ (эх сурвалж): |
||
№ |
Монголоор |
Англиар |
1 |
Эдийн засагчдын чадавхийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ
|
Economist Intelligence Unit Country Risk Service |
2 |
ПиАрЭс групп Олон улсын эрсдэлийн зааварчилгаа
|
The PRS Group International Country Risk Guide |
3 |
Глобал инсаитын Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээ |
Global Insight Country Risk Ratings |
Засаглал, хууль тогтоомж, хэрэгжилт зэргийг үнэлэх 4 үнэлгээ(эх сурвалж): |
||
4 |
Ардчиллын олон талт байдлын үнэлгээ
|
Varieties of Democracy (V-Dem) |
5 |
АиЭмДи Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн Удирдах ажилтны төсөөллийн судалгаа
|
IMD World Competitiveness Center World Competitiveness Yearbook Executive Opinion Survey |
6 |
Дэлхийн эрхзүйн төслийн Хууль дээдлэх ёсны асуулга |
World Justice Project Rule of Law Index Expert Survey |
7 |
Бэртелсман шилжилтийн индекс
|
Bertelsmann Transformation Index (BTI)
|
Энэ жилийн үнэлгээгээр ХАМГИЙН ӨНДӨР УНАЛТТАЙ ХОЁР үзүүлэлтийг задалж харахад дараах дүр зурагтай байна:
|
||
Ардчиллын олон талт байдлын үнэлгээ (Varieties of Democracy (V-Dem)
|
6 бүлгээр үнэлдэг: Сайжирсан: 0 Унасан: 3
Тогтвортой: 3
|
|
Дэлхийн эрхзүйн төслийн Хууль дээдлэх ёсны асуулга (World Justice Project Rule of Law Index Expert Survey)
|
8 бүлгээр үнэлдэг: Сайжирсан 1: Төрийн шийдвэр, иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй байдал Унасан 2:
Тогтвортой 5:
|
|
|
Индекс хэний “төсөөлөл” вэ? Авлигын төсөөллийн индекс гэж нэрийддэгээс энэхүү индексийг төсөөллөөр гаргадаг гэх ойлголт бий. Тэгвэл хэний төсөөлөл байх вэ? Авлигад чухам хэдэн төргөг өгсөн, авсанг тоон дүнгээр хэмжих боломжгүй гэж үздэг.
НҮБ-ын 2018 оны судалгаагаар дэлхийн ДНБ-ий 5 хувь буюу 5 их наяд доллартай тэнцэхүйц мөнгө авлигад эргэлдэж байна гэж үзжээ. Мөн байгууллагын 2023 оны судалгаагаар төрийн алба жилд 13 орчим их наяд доллар зарцуулдаг бол түүний 25 хувь буюу 3.2 их наяд орчим доллартай тэнцэх хэмжээний мөнгө төрийн албаны авлигад идэгдэж байна гэсэн байна.
Өөрөөр хэлбэл авлигад идэгдэж буй мөнгөн дүнг гаргах боломжгүй бөгөөд зөвхөн хэрэг нь эцэслэн шийдэгдсэн тохиолдолд тодорхойлох боломжтой. Тиймээс Авлигын индекс нь төрийн албаны авлигад өртөх эрсдэл хэр зэрэг байгааг тооцоолдог учраас “төсөөллийн” гэж нэрлэдэг.
Тогтолцооны эрсдэлийг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Өрсөлдөх чадварын судалгааны төв болон олон улсын эрсдэлийн үнэлгээний байгууллагуудын үнэлгээнд суурилж үнэлж гаргадаг нь хамгийн бодит үнэлгээнд тооцогдсоор байна.
Юуг үнэлдэг вэ? Авлигын индексээр төрийн албаны авлига буюу төрийн албанд авлига өгөх, авах, давуу байдал үүсгэх, албан тушаалаа ашиглах зэрэг эрсдэл, хууль бус мэдээллийг илрүүлэх, шүгэл үлээх, таслан зогсоох, хариуцлага тооцох тогтолцоог бүхэлд нь үнэлдэг. Мөн шударга байдал ба төсвийн хөрөнгийн зарцуулалт ба үр өгөөж, ил тод байдал, хуулийн хэрэгжилт зэргийг үнэлдэг байна.
Түүнчлэн АТГ-ын үндсэн чиг үүрэгт багтдаг мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлыг үзүүлэлт 5-6 хувь эзэлдэг бол авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт бүхий л төрийн байгууллагууд, олон нийтийг хамардаг утгаараа дам байдлаараа харьцангуй өндөр нөлөөтэй байна.
Юуг үнэлдэггүй вэ? Мөнгө угаах, татвараас зугтах, санхүүгийн хууль бус гүйлгээ хийх, далд эдийн засгийг хэмждэггүй.
Ингээд харвал Монгол Улсын Засгийн газрын 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласны үр дүн, түүний өмнөх 2021 онд Авлигын төсөөллийн индексийг 2 оронтой тоонд оруулна гэж зарласны үр дүнг хэнээс асуух вэ гэдэг асуулт гарч байна.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг Д.Тэгшбаяраас яг энэ асуултыг асуухад:
-Засгийн газар бодлогоо зөв тодорхойлсон ч хэрэгжүүлэх арга зам нь буруу учраас ямар ч үр дүн гарахгүй. Худалдан авалт, ханган нийлүүлэлтийг цэвэрлэх бодлоготой байсан бол хэрэгжихдээ хэсэг бүлэг ЗАВШИГЧДЫГ өөр хэсэг бүлэг ЗАВШИГЧДААР солих арга хэмжээ, акц болж хувирсан” гэж байв.
Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд манай улс зөвхөн мөрдөн шалгах ажилд анхаарч, хуульд өөрчлөлт хийх ажлыг л авлигатай тэмцэх ажил гэж харж ирсэн нь авлигын эрсдлийг бууруулах тогтолцооны өөрчлөлт хийх, ялангуяа төсвийн зарцуулалт ба түүнтэй дүйцэхүйц үр өгөөжийг бий болгох, байгаа хуулиа хэрэгжүүлээд хариуцлагаа бүрэн тооцох, анхан шатны мэдээлэх үүрэг, төрийн үйлчилгээний байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж муудсаар байгаа нь эдгээр эх сурвалжуудын үнэлгээнд шууд сөргөөр нөлөөлсөөр байна гэдгийг онцлов.
Тэгэхээр эрх баригчид зөвхөн амлалт өгөх төдийгүй түүнийхээ хэрэгжилтэд "анхаарал тавих" цаг хэдийнээ болсныг харуулж байна.