/2024.01.12/: Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар өчигдөр “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Холбоо болон Уур амьсгалын ногоон сангаас нийт 550.0 сая ам.долларын зээл, 78.0 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хувь оролцоог нэмж нийт 735.0 сая ам.долларын санхүүжилтээр 10 жилийн хугацаанд 17 аймгийн 52 байршилд хэрэгжүүлнэ.
“Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хот, хөдөөгийн уялдаа холбоо дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл хөгжиж, алсдаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдэх юм.