М.ЭНХБАДРАЛ: Нийгмийн дархлааг дэмжинэ гэдэг бол иргэдийн боловсролыг дээшлүүлэх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.ЭНХБАДРАЛ: Нийгмийн дархлааг дэмжинэ гэдэг бол иргэдийн боловсролыг дээшлүүлэх

/2023.12.16/ Парламентын хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих, тэдний оролцоог дээшлүүлэх, чадваржуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч М.Энхбадралтай ярилцлаа.



-Цогц хөгжлийн үндэсний төвийг хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ?
-2011 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн оюутнууд нийлж анх байгуулж байлаа.Социологич, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, антропологич гээд өөр, өөр мэргэжлийн таван оюутан л даа. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа шиг засаглалыг сайжруулах, парламентын мониторингийн төсөл хэрэгжүүлэх тодорхой зорилго анх тавиагүй. Манай нийгэмд олон асуудал, хийж болох ажил их бий. Тэдгээрийг санаачлан хийдэг, хөгжлийг цогцоор нь харж, шийддэг байгууллага байгуулъя гэж эхлүүлсэн. Энэ ч утгаар “Цогц хөгжил” гэсэн нэр оруулаад, тухайн үе моодонд орж байсан үндэсний төв гэх үгийг багтаагаад “Цогц хөгжлийн үндэсний төв” гэсэн нэрийг өгсөн юм. Үндэсний хэмжээнд ажиллана, нөлөөлнө гэдэг дэврүүн хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй 20 хүрээгүй залуус нэгдэж байлаа. Судалгааны ажил хийж эхэлсэн ч зөвхөн судалгаа хийгээд бодит үр нөлөө үзүүлэхгүй гэдгийг ойлгож, бодитой хувь нэмрийг оруулахыг хичээх болсон.

-Танай байгууллагын хийж хэрэгжүүлдэг ажлын гол онцлог юу вэ?
-Бид хамгийн бага нөөцөөр хамгийн үр дүнтэй хийж болох ажлуудыг сонгохоор шийдсэн. Ингэхдээ бусдаас өөр байх зарчмыг баримталдаг. Магадгүй парламентын хяналтын ажлыг өөр байгууллага хийж байгаа бол түүнийг бид давхардуулах шаардлагагүй. Бид хөгжлийн асуудлуудыг шийдэх хүсэл сонирхолтой, шинэлэг арга барилаар бага зардлаар их нөлөөтэй байх зарчмыг баримтлан сүүлийн 5-6 жилд нь хөгжлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

-Парламентад хяналт тавих зорилготой uih.mn сайтыг ажиллуулдаг. Энэ талаар болон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа тухай яриач?
-Манайх дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Түүний нэг нь засаглалын хөтөлбөр. Бид парламентад тавих хяналт, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилготой uih.mn гээд веб хуудсыг ажиллуулж байна. Харахад веб хуудас ч цаана нь олон том ажил бий. Жишээ нь, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сард баталсан.

Энэхүү хууль парламентын хяналт шалгах чиг үүргийг маш сайн дэмжиж өгсөн. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийн мэдээллийг нэг талаасаа хүргэдэг. Жишээлбэл, нийтийн сонсголын бүх мэдээллийг байршуулсан.

Парламент бол Монгол Улсын ардчиллын гол баталгаа болох байгууллага. Тийм учраас парламентын ардчилал, засаглалыг бэхжүүлэх нь бидний хийх ёстой суурь ажил, хувь нэмэр гэж хардаг. Тиймдээ ч бид парламентыг үйл ажиллагааг нь хэрхэн илүү сайжруулах вэ, парламентад иргэд оролцож, ил тод, эрх мэдлийг бэхжүүлж, тогтоож байх нь зөв гэсэн байр сууринаас ажилладаг.

Манай веб хуудаст субьектив дүгнэлтүүд байдаггүй. Иргэн өөрийнхөө сонгосон УИХ-ын гишүүн үндсэн ажлаа хэрхэн хийж байгааг хэмжиж болохуйц тоон үзүүлэлтийг харж болно.

Нэг ёсондоо иргэд бол ажил олгогч. Тэгэхээр ажил олгогч тухайн ажилтныхаа ирц, ажлаа хэр хийж байгааг шалгадаг, идэвх санаачилгыг нь үнэлдэг байх хэрэгтэй. Манайхны ойлголт бол сонгуулиар л хариуцлага тооцох ёстой, сонгуулиар л дүнгээ тавих ёстой гэж ярьдаг. Бодит байдал дээр хариуцлага гэдэг бол зөвхөн сонгуулиар тооцогдохгүй, өдөр тутамдаа тухайн хүнээ хариуцлагатай байлгах ёстой, олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлүүлэх ёстой зүйл.

Гэхдээ хувийн эрх ашгийн төлөө, тухайлбал, орон гэртэй болгох, ажилд оруулах, зам талбай засуулах ажлыг УИХ-ын гишүүнээс шаардах ёсгүй. Тэр утгаараа манайх бол зөвхөн гишүүдийг хянах гээд байгаа асуудал биш. Нөгөө талаараа иргэд яаж парламентаа үнэлэх вэ гэдэг рүү иргэдийг чиглүүлж байгаа. Гишүүдээс нэхэх ёсгүй зүйлийг битгий нэх. Хууль тогтоох ажилд иргэдийг төлөөлж чадаж байна уу, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадаж байна уу гэдгийг нь үнэлж, хууль тогтоох үйл ажиллагаандаа хэр идэвх санаачилгатай оролцож байгааг нь хянах ёстой. Таныг төлөөлөөд тухайн гишүүн хууль батлахад ямар байр суурь илэрхийлж, санал өгч байгааг UIH.mn талбараас харах боломжтой.

Одоо бид УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчил, хууль тогтоох үйл ажиллагааг үнэлэх, мониторинг хийх ажлуудыг эхлүүлээд байна. Өнөөдөр хүмүүс ашиг сонирхлын зөрчил гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол авлигаас дутахгүй зүйл шүү дээ. Тиймээс бид ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь ямар ач холбогдолтой байдгийг таниулах, энэ талын мэдээлэл олгох шинэ ажлыг эхлүүллээ.

Бусад хөтөлбөрийн тухай дэлгэрүүлээд ярьвал нэлээд их зүйл болох байх. Хүний эрх иргэний боловсролын хөтөлбөр гэж бий. Бид бага нөөцтэй ажилладаг учир аливаа асуудал болгоныг шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний биетэй зүйрлэх юм бол шарх болгоныг бид эдгээж чадахгүй. Гэхдээ тухайн хүний биеийн дархлаа сайн байвал хурдан эдгэнэ. Яг үүнтэй адилхан бидний ажил шарх болгоныг эмчлэх, асуудал болгоныг шийдэх гэж ажиллах биш, ерөнхийдөө энэ нийгмийн суурь дархлааг нь сайжруулах, асуудлаа шийдэж чадах тийм иргэдийг илүү олон болгох зорилготой. Нийгмийн дархлааг дэмжинэ гэдэг бол иргэдийн боловсролыг дээшлүүлэх явдал. Тиймээс иргэдийн тэрбүрчлэн авч чадахгүй, “хол” байгаа мэдээллийг утсаараа нэг дороос үзэх боломжтой, цэгцтэй болгож өгөх, далд байгаа мэдээллийг ил болгох хэлбэрээр ажиллаж байна.

-Танайхаас хэрэгжүүлдэг нээлттэй боловсролын хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийж байсан бэ?
-Суурь боловсрол, тэр дундаа мэдлэг нээлттэй байх ёстой. Энэ нь бизнесийн, хувийн ашиг сонирхлоос шалтгаалаад хаалттай багаж хэрэгсэл болж болохгүй зүйл.

Хүмүүс хэн байхаас хаана амьдрахаас үл хамааран суурь мэдээллүүдийг авах боломжтой байх ёстой учир бид суурь мэдээллийг нээлттэй болгох зорилго тавьдаг. Үүний хүрээнд жишээлбэл, мэргэжил сонголтод туслах 100 гаруй мэргэжлүүдийн танилцуулгыг бэлтгэж, нээлттэй байршуулсан. Мөн сонгуулийн музейг нэрлэж болно. Иргэд улстөрчдийн амлалтуудыг мартчихдаг. Өөрөөр хэлбэл, сонгууль гэдэг бол сонгогчийн боловсролын эсрэг ажилладаг цаг хугацаа болчхоод байна. Дандаа худлаа мэдээлэл түгээдэг, хуурамч, худал амлалт өгдөг, биелэх боломжгүй амлалтуудыг өгдөг, талцуулдаг, нийгмийн үеүдийг хооронд нь муудалцуулж сөргөөцөлдүүлдэг, тэр дундаас ашиг хонжоо олдог, бие биенээ гүтгэж харлуулдаг. Энэ нь дандаа сонгуулийн идэвхтэй үйл ажиллагаанд дандаа ухралт авчирдаг. Тиймээс иргэдийг илүү санах ойтой болгож, илүү хариуцлагатай, сэрэмжтэй сонгогчдыг олон болгох зорилгоор сонгуулийн хуудсыг санаачилж байсан.

Сонгуулийн цахим музей нь мөрийн хөтөлбөрийн, уран үгийн, амлалтын гэсэн үндсэн гурван танхимтай. Дөрөв дэх танхим нь солигдох байдлаар явдаг. Амлалтын танхимаас үе үеийн улстөрчдийн амлалтыг видео хэлбэрээр, баримтаар, постеруудаар нь харж болдог. Уран үгийн танхимд амлалт биш ч уран гоё ярьсан яриануудыг нь баримтжуулж үлдээсэн.

Үндсэндээ яг музей үзэж байгаа юм шиг тэр хүмүүсийн амласан юмыг санадаг, нөгөөтээгүүр, өөрсдөө хуурамч амлалтад итгэхгүй, хариуцлагатай байхыг сануулдаг цахим музейг санаачлан хөгжүүлж байсан. Одоо бид дахин шинэчилж гаргах гээд түр хугацаанд хаагаад байна. Манай төсөл хөтөлбөрүүд дандаа удаан хугацаанд үргэлжилдэг. Ихэнх төсөл уртдаа нэгээс хоёр жилийн хугацаатай байдаг бол манайх дуусдаггүйгээрээ онцлог.

Ерөнхийд нь хэлбэл, бид Монгол Улсад ардчилал хүний эрхийг бэхжүүлэх арга хэрэгслийг бүтээдэг, түүнийг хөгжүүлдэг хамт олон гэж хэлж болно. Давхар бид нар судалгааны ажлуудаа ч хийдэг. Судалгаан дээрээ тулгуурлаад бид өөрсдөдөө байгаа хамгийн бага нөөцийг яаж хамгийн үр дүнтэйгээр зарцуулахыг олж дүгнэдэг. Ийм л 30-аас доош насны залуус ажиллаж байна даа. Би байгууллагынхаа хамгийн ахмад нь. Цаашдаа бид өргөжин тэлж, илүү үр дүнтэй, гэхдээ асуудал бүрийн хойноос “хөөж” явах биш, суурь шалтгааныг нь өөрчлөх, нийгмийн дархлаагаа дээшлүүлэх чиглэлд ажиллана. Манай эхлүүлсэн төслүүд дандаа 20-иос дээш жил үргэлжлэх төслүүд байгаа. Түүнээс цааш манай байгууллага үе үедээ шинэчлэгдээд явна гэж хардаг.

UIH.mn талбарын мэдээллийг дараах холбоосоор авна уу. https://www.uih.mn/n/476

Сэтгүүлч: Э.Цэрэндүзээ (Бодлогод залуусын хяналт ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчид)

Гэрэл зургийг: Н.Мөнхцэцэг

Замын-Үүд  боомтын авто замын  ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт  эхлэв
Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт эхлэв
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.