/2023.09.21/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форум өчигдөр болж, хоёр хотын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
Хотын дарга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, Тяньжин хотын Намын хорооны дарга Чэнь Минь-Ар болон Тяньжин хотын дарга Жан Гун Тантай уулзаж, хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Энэ үеэр хэлэлцсэн асуудлууд эхнээсээ хэрэгжиж, ажил хэрэг болохын эхлэл тавигдаж буйг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол, Хятад хоёр улс нь 4710 км газар нутгаар хиллэдэг, найрсаг харилцаатай хөршүүд. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбар, чиглэлд эрчимтэй хөгжин, шинэ утга агуулгаар баяжиж байна.
Тяньжин хот нь Монгол Улсын далайд гарах гол гарц бөгөөд Монголын талаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нийт импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг.
Энэ хүрээнд Улаанбаатар хот нь БНХАУ-ын хотууд, тэр дундаа Тяньжин хоттой үр өгөөжтэй, харилцан ашигтай, хамтдаа хожих, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, анхааран ажиллаж байгаа бөгөөд цаашид харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн” хэмээлээ.
Энэ удаагийн албан томилолт нь Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ажил хэргийг эрчимжүүлэх зорилготой болохыг Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн онцлов.
Улаанбаатар хот нь 1992 онд Тяньжин хоттой ах дүү хотын харилцаа тогтоосон. Хоёр хотын найрсаг харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиож, арваннэгдүгээр сард ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай Улаанбаатар, Тяньжин хот хоорондын санамж бичгийг шинэчлэн байгуулсан билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр хот худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт харилцаатай байж, хамтын ажиллагаа өргөжин тэлж ирсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ