/2023.09.13/: Ливийн зүүн хэсэгт орших Дерна боомт хотын зарим хэсгийг устгасан аймшигт үерт өртөн амиа алдсан иргэдийн цогцсуудыг бөөнөөр нь булсан байна.
Даниел шуурганы үеэр далан хагарсны дараа ням гарагт Дерна хотын зарим хэсгийг үерийн ус урсгасны улмаас 2300 хүн амиа алджээ.
Хохирогчдын цогцсыг хөнжилд ороосон байх ба оршуулгын газарт техник хэрэгсэл ашиглан газар ухаж цогцоснуудыг булж байгаа аж.
Одоогийн байдлаар үерийн улмаас 10,000 хүн сураггүй алга болсон бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Дерна хотын сайн дурын ажилтан Мохаммед Камати хэлэхдээ, аврах албаныхан хохирогчдыг хайсан хэвээр байна.
Тэрээр Ройтерс агентлагт хэлэхдээ "Бид Ливийн бүх эрдмийн зэрэгтэй эсвэл ямар нэгэн эмнэлгийн мэргэжилтэй хүн бүрийг ирж, бидэнд туслахыг уриалж байна. Бидэнд сувилагч дутагдалтай байна, бидэнд тусламж хэрэгтэй байна" гэв.
Зарим тусламжийн баг, тэр дундаа Египетээс ирж эхэлсэн боловч Ливийн улс төрийн нөхцөл байдлын улмаас аврах ажилд саад болж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улс өрсөлдөгч хоёр засгийн газарт хуваагджээ.
АНУ, Герман, Иран, Итали, Катар, Турк зэрэг улсууд тусламж илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсээр байна.
Усны инженер мэргэжилтнүүд ВВС-д хэлэхдээ, Дерна хотоос 12 км зайд орших далан эхлээд эвдэрч, ус нь хөндийгөөр урсаж, хотоос холгүй орших хоёр дахь далангаа давсан байх магадлалтай гэв. Сэтэрсэн далангийн ус тус хотын зарим хэсгийг урсган тэр чигт нь далайд цутгасан байна.
Эх сурвалж: ВВС