Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна

/2023.09.05/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.

Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.

Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

  • Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагууд энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шуурхай бригадыг бэлэн байлгах,
  • Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх,
  • Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа эрчимжүүлэх,
  • Хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл, шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах зэрэг үүрэг өгөв.

Эх сурвалж: НЗДТГ

“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна
“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.