/2023.08.17/: БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчилж байна.
Энэ удаагийн хоёр хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын айлчлал нь коронавирусийн хүндрэлийн дараа хотуудын хоорондын харилцааг бататган, эдийн засгийн хүндрэлийн богино хугацаанд даван туулах зэрэг цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасныг өчигдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардууллаа.
Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Хён Ги “Ах дүүсийн орон найрамдалт Монгол улс Улаанбаатар хотод айлчилсандаа маш их баяртай байна. Нийслэлийн дээд шагнал хүртсэн нь нэр төрийн хэрэг гэж бодож байна.
Ялангуяа хоёр хотын харилцаа, хотуудыг хөгжүүлэхэд үүрэг оролцоотой байгаарай гэж надад энэ хүндтэй шагналыг өгсөнд талархаж байна. Хоёр хотын хөгжлийн төлөө цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллах болно. Улаанбаатар хотын иргэд та бүхэнд талархлаа илэрхийлье. Баярлалаа” хэмээв.
Эх сурвалж: НИТХ