/2023.07.05/: Талибууд Афганистан дахь үсчин, гоо сайхны салонуудыг хаахыг тушаажээ.
Дэд ба ариун журам яамны хэвлэлийн төлөөлөгч ВВС-д "Бизнес эрхлэгчдэд долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн энэхүү шийдвэрийн талаар анх мэдэгдсэнээс хойш нэг сарын хугацаа өгсөн" гэж мэдэгдсэн байна.
Талибанчууд 2021 онд засгийн эрхийг гартаа авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх чөлөөг тасралтгүй хумьсаар байгаа юм.
Тэд өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг анги танхим, биеийн тамирын заал, цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг хориглож, хамгийн сүүлд НҮБ-д ажиллахыг хүртэл хоригложээ.
Мөн Талибанчууд эмэгтэйчүүдийг зөвхөн нүдээ ил гарган хувцаслах, 72 км-ээс хол замд явах тохиолдолд эрэгтэй хамаатан садантайгаа хамт явах ёстой гэсэн зарлиг гаргасан байна.
Олон улсын зүгээс эмэгтэйчүүд болон тэдний өмнөөс эсэргүүцэж, буруушааж байсан ч хязгаарлалтууд үргэлжилсээр байна.
Гоо сайхны салонуудыг хаах нь Талибанчууд хамгийн сүүлд 1996-2001 онд засгийн эрх барьж байх үед авсан өргөн хүрээний арга хэмжээний нэг хэсэг байсан. Гэвч 2001 онд АНУ тэргүүтэй арми Афганистан руу цөмрөн орсны дараа дахин нээгдсэн юм.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан нэрээ нууцалсан афган эмэгтэй ВВС-д хэлэхдээ: "Талибанчууд афган эмэгтэйчүүдийн хамгийн энгийн хүний эрхийг булаан авч байна. Тэд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна. Энэ мэдээг сонсоод би үнэхээр цочирдсон. Талибанчуудад эмэгтэйчүүдийн бие махбодид анхаарлаа хандуулахаас өөр улс төрийн ажил байхгүй бололтой. Тэд нийгмийн амьдралын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийг устгахыг оролдож байна" гэжээ.
Талибаны засгийн газар хориг тавихад юу нөлөөлсөн болон салонууд хаагдсаны дараа эмэгтэйчүүдэд ямар өөр хувилбар ашиглаж болохыг тайлбарлаагүй байна.
Эх сурвалж: ВВС