/2023.06.28/: Украины зүүн нутгийн Краматорск хотын төвд Оросууд пуужин харваж, дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэж Украины албаныхан мэдэгдлээ.
Орост эзлэгдсэн хэсгүүдтэй ойрхон байдаг тус хотод мягмар гарагт болсон довтолгоонд ресторан, худалдааны талбай өртжээ.
Хүмүүс нурангид дарагдсан байж болзошгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
Орон нутгийн цагаар 19:30 цагийн орчимд болсон халдлагад амиа алдсан хүмүүсийн дунд 17 настай охин байгаа гэж мэдээлж байна.
Мөн дэлбэрэлтийн голомтод орон сууцны барилгууд байсан гэж албаныхан мэдэгдэв.
Хэргийн газраас авсан олон нийтийн сүлжээ болон нисгэгчгүй аппаратын дүрс бичлэгээс харахад барилгад ихээхэн хэмжээний хохирол учирч, зарим нь балгас болж хувирсан байна.
Бельгийн чөлөөт сэтгүүлч Арнауд Де Декер BBC News-т ярилцлага өгчээ.
Тэрээр "Том зоогийн газар учраас нурангин дор хүмүүс байсаар байна. Аврагчид тэднийг аврахаар оролдож байх үед нуранги дор хүмүүс хашгирч байна" гэв.
Түүний тооцоолсноор пуужингийн довтолгоо болох үед ресторанд ажилтан, үйлчлүүлэгч нийлсэн 80 орчим хүн байсан тул хохирогчдын тоо "нэмэгдэж" магадгүй гэв.
Эх сурвалж: ВВС