/2023.06.27/: Одон орон судлах зориулалтын Жеймс Уэбб сансрын дурангаар анх удаа сансарт чухал нүүрстөрөгчийн молекул илрүүлжээ.
Метил катион буюу CH3+ гэж нэрлэгддэг нэгдэл нь дэлхийгээс 1350 гэрлийн жилийн зайд орших Орион мананцарт орших залуу оддын системээс улбаатай гэж НАСА мэдээлэв.
Нүүрстөрөгчийн нэгдлүүд нь бидний мэддэг, ойлгодог бүх амьдралын үндэс суурь болдог тул эрдэмтдийн сонирхлыг татдаг. Метил катион нь нүүрстөрөгч дээр суурилсан илүү нарийн төвөгтэй молекулуудыг бий болгоход тусалдаг гол бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогддог байна.
Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсч, хэрхэн хөгжсөнийг ойлгох нь судлаачдад орчлон ертөнцийн өөр газар амьдрал байх боломжтой эсэхийг тодорхойлоход тусална. Хүний нүдэнд үл үзэгдэх хэт улаан туяагаар сансар огторгуйг хардаг Уэбб телескопын өндөр мэдрэмжтэй чадвар нь сансар огторгуй дахь органик химийн талаар илүү ихийг ил болгож байна.
Сансрын ажиглалтын төв нь залуу улаан одой одны эргэн тойронд эргэлдэж буй d203-506 хэмээх эх гаригийн дискэнд метил катион байгааг илрүүлжээ. Ихэвчлэн хий, тоосноос бүтсэн эдгээр дискүүд нь үүссэн одны үлдэгдэл юм. Гаригууд эдгээр том оддын гэрэлт цагирагт төрж, гаригийн системийг бий болгодог.
Энэхүү нээлтийн талаарх судалгааг даваа гарагт Nature сэтгүүлд нийтлэв.
Хэт ягаан туяаны үүрэг
Улаан одой одод нь манай нарнаас хамаагүй жижиг бөгөөд сэрүүн боловч d203-506 систем нь хөрш зэргэлдээ залуу, асар том оддын хүчтэй хэт ягаан туяанд өртсөн хэвээр байна.
Ихэнх тохиолдолд хэт ягаан туяа нь органик молекулуудыг устгана гэж таамаглаж байгаа боловч уг цацраг нь метил катион үүсэх боломжийг олгодог шаардлагатай эрчим хүчний эх үүсвэрийг хангаж чадна гэж багийнхан таамаглаж байна.
Метил катион нь орчлон ертөнцийн хамгийн элбэг байдаг молекул болох устөрөгчтэй урвалд ордоггүй ч бусад өргөн хүрээний молекулуудтай сайн урвалд ордог байна. Энэхүү химийн шинж чанараас шалтгаалан одон орон судлаачид CH3+-ийг од хоорондын органик химийн бүтцийн чухал блок гэж үзэж ирсэн. Гэхдээ метил катионыг өнөөг хүртэл сансарт илрүүлээгүй байсан юм.
Парис-Саклайн Орсейн их сургуулийн Молекулын шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Мари-Алин Мартин-Друмел, судалгааны хамтран зохиогч Мари-Алин Мартин-Друмел "Энэ нээлт нь Уэббын гайхалтай мэдрэг дураныг баталгаажуулаад зогсохгүй одод хоорондын хими дэх CH3+-ийн гол чухал ач холбогдлыг баталж байна" гэжээ.
Судлаачид d203-506-ийн эх гаригийн дискнээс ердийн дискнүүдээс өөр молекулуудыг илрүүлсэн бөгөөд ямар ч ус илрүүлээгүй байна.
Эх сурвалж: CNN