/2023.6.15/ УИХ-ын чуулганаар яг одоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-2028 оноос 40% гэдэг хувилбар ярьж байх шиг байна. Парламентад байгаа эмэгтэй гишүүд болон суудалгүй бусад намын эмэгтэйчүүд нам үл харгалзан нийлээд, санал бодлоо илэрхийлэн нөлөөллийн ажил хийж байгаад олзуурхаж байна. Өнөөдөр ТББХ-нд зарчмын зөрүүтэй санал гаргасан нь тэмдэглэлд дурьдагдсангүй.
Квотыг 30%, 40% гэж явсан бол 2024 оны сонгуульд хүйсийн квотыг 35 хувь болгоё гэдэг санал гаргасан ч дэмжигдсэнгүй. УИХ-д суудалтай намын даргын хувьд манай нам квотыг 50% байлгана гэдэг зарчим дээрээ хатуу байна.
Нэгдүгээрт, бид парламентын засаглалтай улс. Ардчиллаа бэхжүүлэхийн тулд парламентын засаглалаа бэхжүүлж, ҮХ-ийн өөрчлөлтийг хийсэн. Энэ бол намуудын мэтгэлцээний талбар. Энд хувь хүмүүс биш улстөрийн институц орж ирж, бодлогоороо өрсөлддөг байх ёстой. Парламентын ардчилалд эмэгтэйчүүдийн байр суурь хамгийн чухал. Тиймээс эмэгтэйчүүдэд тэр боломжийг бий болгосноор монголын ардчилал хожно.
Монгол Улс маш их алдагдалтай төсөв баталдаг, өр нь байнга өсөж явдаг, яаж зогсоохоо мэдэхээ байсан улс.
Ийм улсын асуудал нь төсвийн шийдвэр гаргахдаа дандаа зардлаа тэлдэг. Бусад улсын шийдвэр гаргаж байгаа тооцооллыг аваад үзэхээр эмэгтэйчүүд зардал өсгөдөггүй юм билээ. Тийм болохоор өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд парламентад олон эмэгтэй орж ирснээр төсвийн сахилга бат сайжирна гэж бодож байна. Өнөөдөр л квотын асуудлаа шийдээд явмаар байна.