/2023.06.07/: Мягмар гарагт Канадын Квебект шатаж буй зуу гаруй ойн түймрийн улмаас өмнө зүгт хортой утаа үүсэж, Нью-Йорк хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлжээ.
Нью-Йорк хотын агаарын чанарын индекс мягмар гарагийн орой нэг удаа 200-аас дээш гарсан нь "эрүүл мэндэд маш муу" гэж IQair мэдээлэв. Мягмар гарагийн 22:00 цагт тус хот томоохон нийслэлүүдээс хамгийн муу агаарын чанартай байжээ.
Мягмар гарагийн орой Нью Йорк хот агаарын бохирдлоор Энэтхэгийн Нью Делигийн дараа дэлхийд хоёрдугаарт орсон гэж IQair мэдээлэв. Жагсаалтын бусад хотууд нь Катарын Доха; Багдад, Ирак; болон Пакистаны Лахор орж байв.
Агаарын бохирдлоос болж Нью-Йорк мужийн төв хэсгийн сургуулиуд өчигдөр гадаах үйл ажиллагаа, арга хэмжээгээ цуцалжээ.
Ой хээрийн түймрийн утаанд жижиг тоосонцор буюу PM2.5 агуулагддаг бөгөөд энэхүү тоосонцор нь хамгийн өчүүхэн жижиг боловч хамгийн аюултай нь бохирдуулагч юм. Амьсгалахад уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу ордог. Энэ нь чулуужсан түлшний шаталт, шороон шуурга, ой хээрийн түймэр зэрэг эх үүсвэрээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын бусад өвчин зэрэг эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг байна.
Америкийн уушгины нийгэмлэгийн цэвэр агаарыг сурталчлах үндэсний ахлах захирал Уильям Барретт "Хэрвээ та утаа харж, үнэрлэж байгаа бол өөрийгөө хордож байна гэж бодоорой. Мөн та агаарын бохирдол их байгаа эдгээр өдрүүдэд гэртээ үлдэж эрүүл мэнддээ өөрчлөлт гарч байгаа эсэхийг шалгах нь чухал юм" гэжээ.
Сонирхуулахад өвөл манай улсын нийслэл Улаанбаатар хотод дээрх нарийн ширхэгт тоосонцор буюу РМ2.5-ын хэмжээ 1000-аас дээш гарч байсан.
Эх сурвалж: CNN